Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Дархан-Уул аймагт алт олборлолттой холбоотой маргаан дэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод байна. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат  2019 оны долоодугаар сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд  бичил уурхайн зориулалтаар “Дархан хайрханы өсөх үр”, “Батхишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих”,  “Дархан хайрханы хөндий” , “Хайрхан алтан буудай”, “Шарын голын ах дүүс”, “Шарын гол Дэлгэрэх хайрхан”, “Тэмүүлэн үржих” зэрэг компаниудын нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ. Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд  “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Тухайн үед Аймгийн Засаг дарга С.Насанбатын оруулж ирсэн дээрх найман  бичил уурхайн хоёр уурхайг ухаад дууссан, гурвыг нь ухаж байсан, үлдсэн гурван уурхайг ухахаар зэхэж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд “Уурхайн газрыг хууль бусаар  алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ” хэмээн Засаг даргаа буруутгажээ.  ИТХ-ын гишүүд тухайн үед  аймгийн Засаг дарга С.Насанбатад хууль бусаар ашиглаж байгаа  газруудыг эргүүлж авах, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахыг шаардсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Харамсалтай нь өнөөдөр энэ журам Дархан-Уул аймагт бүтнээрээ зөрчигдөж, байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, их хэмжээний газар ухсан нүх болон онгойж үлдсэн хэмээн иргэд үзэж буй ажээ.

Энэ асуудалд Дархан-Уул аймгийн иргэд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байгаа  бөгөөд уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч Г.Хатанзоригт  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт энэ оны есдүгээр сард  албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газруудын судалгааг гаргаж ирүүлнэ үү” гэжээ.  Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргаж өгсөн бөгөөд  Дархан-Уул аймагт  хууль бусаар ашигласан дээрх газруудад ямар ч дүгнэлт гаргаагүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг шалгуулах асуудлыг иргэд цагдаагийн байгууллагад тавьсан ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top