Дархан-Уул аймгийн Дархан сумын 11, 12 дугаар баг нь орон сууцны хороолол бөгөөд нийт 8000 орчим хүн амтай. Үүнээс ахмад настан 780, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 250, хүүхэд 1900 байдаг байна. Шинэ хорооллын нутаг дэвсгэрт 118 аж ахуй нэгж байгууллага, зургаан төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг ажээ. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, аймаг орон нутгаас тус багт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зорилготой “Бид шинэ хорооллынхон-2019” өдөрлөгийг /2019.10.08/ зохион явууллаа.
Өдөрлөг багийн төвийн гадна талбайд болж 15 төрийн байгууллага өөрсдийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн бүтээлээ танилцууллаа. Тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Х.Батжаргал, Б.Буяндүүрэн нар энэхүү өдөрлөгийг анхлан санаачилсан бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга нартай жил бүр уламжлал болгон зохион явуулдаг болжээ.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нар оролцож Дархан сумын 11,12 дугаар багт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг ажлыг танилцуулж ирэх онд хийх ажлын саналыг иргэдээс авчээ.
Сэтгэгдэл ( 0 )