Оросын домогт сансрын нисэгч, задгай сансарт гарсан дэлхийн анхны хүн Алексей Леонов 85 насандаа таалал төгсжээ.
ЗХУ-ын хошой Баатар түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж байна гэж Францын AFP агентлаг мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Леонов жинхэнэ баатар, анхдагч” байсан гэсэн бол “Леонов задгай сансарт гарснаараа хөлгийн гаднах сансар судлалын үйл ажиллагааны эринийг нээсэн юм. Түүний ач, гавьяагаар Олон улсын сансрын станцын үйл ажиллагааг явуулах боломжтой болсон юм” гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг өөрийн твиттер хуудсанд бичжээ.
Алексей Леонов 1965 оны гуравдугаар сарын 18-ны өдөр 30 насандаа задгай сансарт анх гарч, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд өөрийн нэрийг алтан үсгээр бичжээ. Тэрбээр задгай сансарт 12 минут 9 секундийн хугацаанд гарсан байна. 1970 онд саран дээрх солирын тогоог түүний нэрээр нэрлэжээ.
Түүнээс хойш нийт 200 гаруй сансрын нисэгч задгай сансарт гарсан байдаг бөгөөд 2001 онд АНУ-ын сансрын нисэгч Сюзан Хэлмс задгай сансарт нийт найман цаг 56 минут хугацааг өнгөрүүлж байжээ.
1975 онд Алексей Леонов алдарт “Союз-Аполлон” хөтөлбөрийн нислэгт оролцож, АНУ, ЗХУ-ын сансрын хоёр хөлөг залгагдах түүхэн үйл явдлын гэрч юм.
Тэрбээр мөн зураач байсан бөгөөд түүний уран зургууд Сансрын суудлын түүхийн музейд хадгалагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )