ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Аравдугаар сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад айлчилж, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар боллоо. 

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг  ОУХБХ-ны ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм. Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ.


Дээр дурьдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.

“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд "Шинэ Яармаг"-т баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байх болно. 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт хамт оролцох аж.

Жианни Инфантиногийн хамтаар Францийн шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга, монгол цустай гэгддэг Юрий Жиркаеф ирэх болсныг дуулгахад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш (64.119.25.250) 2019 оны 10 сарын 15

Ok Ok Ok

0  |  0
Top