Дархан-Уул аймгийн Уул уурхай, Эрчим хүчний политехник коллеж нь улс орныхоо хамгийн том уул уурхай, үйлдвэрүүдэд 20 мянган мэргэжилтэн төгсгөн гаргасан амжилтаараа “Жишиг сургууль” боллоо. Тус сургууль нь 1939 онд Фабрик заводын сургууль нэртэй байгуулагдсан бөгөөд 80 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 78 дугаар тогтоолоор уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийг техникийн ухааны доктор, профессор, Сүхбаатарын одонт Рэнцэнгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.
Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга ярихдаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж нь төгсөгч залуусаа, Оюутолгойн уурхайд мэргэжилтнээр тасралтгүй илгээж байна. Мехатроникийн сургалт нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэгдэх автоматажсан тоноглол дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа учраас манай сургуулийн элсэлт улсын дунджаас өндөр байгаа. Багш мэргэжилтнүүд маань оюутнуудтайгаа хамтран уул уурхай, эрчим хүчний мэргэжлийн “Монгол Ур Чадвар” тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулж хэвшсэн. Наян жилийн ойн энэ өдрүүдэд бид эх орны өнцөг булан бүрээс төрөлх сургуульдаа зочилсон үе үеийн төгсөгчид дөө, ирээдүй цагийн мэргэжил гэгддэг мехатроникийн лабораторийн үйл ажиллагааг онцлон танилцууллаа” гэлээ.
Сургуулийнхаа ойг угтаж ахмад багш нар хамтран "Сайн дурын баг" болж ажиллажээ. Багийн хамт олон нь сургуулийнхаа түүхэн дэх 500 гаруй багш, 900 ажиллагсад, 20 мянган төгсөгчид, 100 хол давсан алдар гавьяатнуудын тухай судалгаа мэдээлэл гарган хаягаар нь холбоо тогтоож, "Дарханы Поли-80 жил" гэсэн цахим бүлэг нээн ажиллуулсан байна. Сургууль дээрээ дурсгалын музей байгуулж, түүхэн замналын ном бүтээжээ. Мөн Үе үеийн төгсөгчдийн "Дурсамж дэлгэсэн уулзалт"-ыг зургаан удаа зохион байгуулж, ахмад багш ажиллагсдын тойрон аяллыг гурван удаа зохион байгуулсан байна.
О.Хишигсүрэн
Сэтгэгдэл ( 0 )