Гадаадын иргэн харьяатын газрын /ГИХГ/ дарга Д.Мөрөн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МОНГОЛ УЛСАД 28268 ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА
ГИХГ-ын дарга Д.Мөрөн “Монгол Улсад энэ оны аравдугаар сарын байдлаар түр болон алба, хувийн хэргээр 131 улсын 28 мянга 268 гадаадын иргэн оршин сууж байна. Байршлаар нь авч үзвэл, нийслэлд 20 мянга 111 хүн, Дорнод аймагт 1568, Өмнөговь аймагт 1409, Баян-Өлгий аймагт 956 хүн оршин сууж байна. Харин улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 13 мянга 248, АНУ-ын 2589, ОХУ-ын 2 556 иргэн амьдарч байна. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 2995 гадаадын иргэн манай улсад амьдарч байгаа юм. Түүнчлэн цагаач болон харьяалалгүй 17 улсын 1927 иргэний ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд нийт хүн амын гурван хувь буюу гурван сая 200 мянган хүн амтай гэж үзвэл 97 мянга 154 гадаадын иргэн оршин сууж болно гэсэн үг" гэв.
22 УЛСЫН 372 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ
Гадаадын иргэн, харьяатын газраас 976 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10,292 иргэний бичиг баримтад шалгалт хийсэн. Урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, визний хугацаа хэтрүүлдэг, төрийн байгууллагад ханддаггүй зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авсан. Урьсан иргэнээ хугацаанд нь бүртгүүлээгүй 117 байгууллагын 216 хүнд, Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2159 хүнд, Визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүнд буюу нийт 1111 уригч байгууллагын 2628 иргэнд Зөрчлийн хуулийн дагуу нэг тэрбум 32 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан. 30 хоногийн дотор зорчих ангиллын визээр нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил их гаргаж байна. Энэ төрлийн визийг голдуу Эрээний консул, Хөх хотын консул өгч байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан бөгөөд виз олголтыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Арван нэгдүгээр сарын 20-ны дотор шалгаж, гарсан үр дүнг нь Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. Мөн өөрийн квотоор оруулж ирсэн хүнээ өөр байгууллагад ажиллуулах асуудал их ажиглагдаж байна. Тухайлбал, зам гүүр барих зөвшөөрлөөр орж ирсэн хэр нь махны үйлдвэрт ажиллаж байгаа тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд квотоо зарж байна. Сүүлийн үед ажиллах зөвшөөрөлтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа 113 иргэний зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч гурав хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 32 иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн. Эдгээр иргэдээс зарим нь иргэдийн ажиллах эрхийн зөвшөөрлийг өмнө нь хүчингүй болгосон байдаг.
МОНГОЛД НИГЕР УЛСЫН ИРГЭДИЙГ ОРЖ ИРЭХИЙГ ЗОГСООСОН
Хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад ирэхдээ ирсэн зорилгоо өөрөө тодорхойлох ёстой. Тэрийг нь холбогдох байгууллагууд шалгаад манай байгууллагад ханддаг юм. Харин хар тамхины хэрэгт холбогдсон, “Их засаг” их сургуульд багшилж байсан гадаадын иргэн Нигер улсын иргэн байсан. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадаад улсын иргэд нэлээд холбогдож байна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг тархсан орнуудын иргэд үйлдэж байна. Бидний зүгээс хатуу хяналттай ажилладаг. Нигер улсын иргэний хувьд манай улсаас олгосон виз байхгүй. Өөрөөр хэлбэл Англи Улсад суугаа Элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн. Манай улсаас асуухгүйгээр биенес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой юм. Хэрэв 30 хоногоос дээш бол манай байгууллагаас асууж, зөвшөөрөл олгодог. Ингэж Монгол Улсад орж ирсэн иргэн байсан. Монгол Улсад Нигер улсын иргэдийг орж ирэхийг зогсоосон.
МОНГОЛ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДЫН ТОО 28 ХУВИАР НЭМЭГДСЭН
Энэ жил Монгол Улсын 118 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн нийт 2374 гадаадын иргэнд жуулчин ангиллын визийг хилийн боомт дээр олгожээ. Энэ жил шинээр Дорнод аймгийн Сүмбэр боомт нээгдсэн. Тэндээс ирсэн жуулчдын тоог нэмээд нийт жуулчдын тоо 59 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин Монгол Улсад суралцаж буй гадаад оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсад холбогдох хуулийн зохицуулалтуудаар гадаадаас ажиллах хүч авдаг. Жил бүр Засгийн газар энэ жил ажиллуулж болох салбар салбараар нь квот тогтоодог Жишээлбэл, барилгын салбарт гэхэд 100 ажилчны 90 хувь нь монгол, үлдсэн 10 ажилтан нь гадны ажилчин байх ёстой квотыг тогтоосон юм. Энэ хүрээнд Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах хүчний зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тооцоо судалгаагаар Засгийн газарт тоогоор оруулж, зөвшөөрлөө авдаг байна. Үүний дараагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хэчнээн тооны хүн гэдэг квотыг өгч, сүлжээгээрээ хянаж шалгасны дараагаар визний зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9929 иргэн оршин сууж байна.
Сэтгэгдэл ( 0 )