Хурандаа Р.Отгонжаргал нар Интерполын Ерөнхий ассамблейн чуулганд оролцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган өнгөрсөн мягмар гарагт Бүгд найрамдах Чили улсын Сантьяго хотноо боллоо. Энэхүү чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Мөн чуулганы үеэр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд баримтлах бодлого, стратегийг тодорхойлсон үр дүнтэ байлаа. Чуулганд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Бүгд найрамдах Чили улсын Ерөнхийлөгч, мөн улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, Интерполын Ерөнхийлөгч нар чуулганыг нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх гол арга зам нь хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, мөн хууль сахиулах байгууллагуудыг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх явдал гэдгийг онцолсон байна. Чуулганы эхний өдөр цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, түр хороо, сонгуулийн хороо сонгох, Австрали, Нигери, Португаль, Судан Улсын цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан "Цагдаагийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн явц байдлын талаар танилцуулга хийсэн байна.

Харин өнөөдөр /2019.10.17/ Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг улируулан томилох эсэх,  Интерполын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэг, гэмт этгээдийн талаарх мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулсан Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал хураах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(66.181.166.154) 2019 оны 10 сарын 17

hurald ochloo geed ur dun gargah l heregtei shuu olon say MNT -eer l yavsan bh ter ni ard tumnii tatvar tusviinhnii tsalind ochih mongo gedgiig sanaarai hurandaa

0  |  0
Top