Д.Баярмагнай: Дуун дотор ахиж хэзээ ч ирэхгүй аав, ээж минь амьд байдаг

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож олонд танигдсан МУСТА, дуучин П.Баярмагнай нийтийн болон дуурийн дууны урлагт бол шинэ хүн биш. Захын дуучнаас “халзан Магнай” гээд асуухад андахгүй. Арга ч үгүй биз дээ 10 гаруй жилийг мэргэжлийн урлагийн тайзнаа дуулж өнгөрүүлж буй юм чинь. Хар багаасаа өнчирч үлдсэн тэрбээр Хонгор нутгийнх. “Би дуулж явах маш дуртай. Яагаад гэвэл дуун дотор надад хэзээ ч дахиж ирэхгүй бурхны оронд одсон ээжий, аав минь амьд байдаг” хэмээн хоолой зангируулан хүүрнэсэн түүний ярилцлагыг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.


-П.Баярмагнай нийтийн болон дуурийн дууны урлагт бол шинэ хүн биш. Гэхдээ олон нийт “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноор таньдаг болсон. Тэгэхээр хоёулаа уншигчдадаа товчхон танилцуулга хийх нь зөв болов уу...

-За тэгье. Юуны өмнө танай сайтын эрхэм уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг П.Баярмагнай гэдэг. СУИС-ийг төгсөөд урлаг хэмээх их айлд хөл тавиад 10 жил болсон байна. Ихэвчлэн театрт ажиллаж ирсэн учир хүмүүс намайг сайн таньдаггүй юм. Таны хэлдгээр сонгодог болон дуурийн, жүжгийн, балетын урлагийн уран бүтээлчдийг ижил мэргэжилтэй, тухайн урлагийг сонирхдог, театр руу өнгийж хардаг хүмүүс л танина уу, гэхээс олон нийт бол биднийг сайн мэдэхгүй. Харин  "Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд” шоунуудад оролцсоноор хүмүүс мэддэг болсон байх.

-Дуучин болох таныг баг насны мөрөөдөл үү?

-Ер нь багаасаа л дуулах дуртай байсан шүү. Анх дуучин болох гарааг манай хажуу хашааны эмээ минь тавьж байлаа. Би багадаа их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Тэгээд “хамар” хашааны маань эмээ намайг сахилгагүйтээд байхаар нь гэрээсээ хөөгөөд гаргачихдаг байж л дээ. Одоо бодоход хөөгдөж гарчхаад “эмээгийн яаж буцаж орох вэ байз!...” гээд л их боддог байсан санагдана. Тэгээд л эмээгийн тухай дуу дуулж гарна даа. Азаар эмээ минь дуунд их дуртай хүн байсан учир гэртээ оруулж ирээд л дахиад дуулуулаад чихрээр шагнадаг байлаа. Тухайн үед тэр эмээгийн маань том охин нь Баянхонгор аймгийн V-р цэцэрлэгийн багш байсан л даа. Эмээ минь охиндоо “Энэ хүүхэд их хөөрхөн дуулдаг ч, цэцэрлэгт явдаггүй. Чи энэ хүүг цэцэрлэгтээ оруулаад дуулах авьяасыг нь хөгжүүлээрэй” гэж захиж байсан. Тэгээд цэцэрлэгт ороод “Бяцхан эстрадын дуучдын улсын уралдаан”-д орж, тэргүүн байр эзэлж байлаа. Тэгж л дуулах хүсэл мөрөөдөл минь бадарсан даа. Цаашаагаа тэгээд ёстой нөгөө ногоон гэрлээр гэдэг шиг л ямар л дууны уралдаан, арга хэмжээ байна, тэр бүгдэд л оролцдог болсон доо. Сургуульд ороод урлагийн үзлэг, шинэ жилийн тоглолт, аймгийн шинэ жилийн нэгдсэн тоглолт гээд л олон арга хэмжээнд алгасахгүй оролцдог байсан. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн ч тэнцээгүй. Тэгээд ажил төрөл хийж явж байгаад хоёр жил өнжөөд МУГЖ, дуучин Ц.Түвшинтөгс багш минь намайг бэлдэж, 2003 онд СУИС-ийн өндөр босгоор алхаж орж байлаа. Ингээд СУИС-д Дуурийн дуулаач мэргэжлээр таван жил сураад 2008 онд Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор төгссөн. Онц төгсөгчдийн нэг/инээв/. Нийт 34 “А”, 1 “В” дүнтэй, 3.9 голчтой төгсөж байсан. Мундаг багшийн минь л ач гавьяа л даа. Манай Д.Дашиймаа багшийн шавь нараас найман МУГЖ, нэг Ардын жүжигчин төрсөн байдаг.

-Ажлынхаа анхны гарааг хаанаас эхэлж байв...

-Намайг СУИС-ийг төгсөх үед Якутын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж айлчилна тоглолт хийж байлаа. Тэр үеэр Монголоос тус театрт ажиллах тенор (цээл), баритон(аргил) хоолойтой дуучдыг шалгаруулж авсан юм. Түүнд нь би шалгарч багштайгаа зунжин бэлдээд намар нь явах болтол тус театрын дарга нь солигдчихсон. Тэгээд хэрвээ өөрөө хүсвэл очоод шалгалт өг гэсэн л дээ. Тэр үед надад зардал, мөнгө төгрөгийн боломж байгаагүй учир явж чадаагүй. Удалгүй Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дагалдан дуучнаар ороод хоёр, гурван сар болж байтал МУУГЗ, найруулагч Ч.Ганхуяг агсан “Учиртай гурван толгой“ дуурийг шинэчлэн тавих гэж байгаа гээд театруудаас дуучид шалгаад явж байсан. Азаар би агуу найруулагчид тоогдон тэнцэж, Балганы дүрд, харин МУГЖ, дуучин Ч.Баярмаа эгч маань Нансалмаад тоглож байлаа. Ингэж л миний уран бүтээлийн гараа “Учиртай гурван толгой“ дуурийн Балганаар эхэлж байсан даа. Тухайн жилдээ “Шилдэг дүр”-ийн шагналыг хүртсэн. Би нэг театрт ажиллаад насыг барах ёстой гэсэн үзлээс хол айдаг хүн л дээ. Тиймээс Төв аймгийн театрт хоёр жил ажиллаад дараа нь Баянхонгор аймагтаа сонгодог урлаг хөгжүүлэх төслийн дагуу МУАЖ, найруулагч Б.Мөнхдорж гуайн урилгаар очиж хоёр жил ажилласан. Аймагтаа алдарт Шекспирын зохиол “Зөрүүд эхнэрийг номхтгосон нь” хэмээх хошин эмгэнэлт жүжгийн мюзиклд Лучинцо гээд дүрд тоглож байлаа. Тэгээд Баянхонгорын маань гэрээ дуусаж байтал Улаанбаатараас тухайн үеийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас “Богд хаан”-ы дүрд тоглооч гэсэн урилга ирсэн. Ингээд Д.Ганболд найруулагчийнхаа урилгаар Үндэсний их театрынхаа гоцлол дуучнаар ажилд орж, “Оройн дээд” хэмээх Монголын үндэсний анхны түүхэн дуурийн Богд хааны дүрийг бүтээсэн анхны хүн болсон доо. Энэ дүрээрээ би “Гэгээн муза” шагналыг хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одонгоор шагнуулсан. “Гэгээн муза”-д энэ цаг үеийн агуу жүжигчдийн нэг Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай намайг бэлдээд гэргий Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгч маань шагналын дугтуйг нь задлаад “Ээ Богд минь өршөө...” гээд л шагнал, цомыг гардуулж байсан. Ховор сайхан түүх шүү.
 


-Театрын дуучны жинхэнэ хоолойн чадал, чансаа, шандсыг сорьсон, хамгийн их хүч шаардсан төрөл нь дуурь, дуулалт жүжиг байдаг гэдэг. Өөрийн тань хувьд 10 шахам жилийг театрын тайзнаа үдэж. Энэ хугацаанд бүтээсэн дуурь, дуулалт жүжгүүдээс хамгийн сэтгэлд үлдсэн нь ямар дүр байдаг вэ?

-Дуулах бол миний аз жаргал хэдий ч дуулах үнэхээр хэцүү ажил шүү. Хүн сайхан зүйлийг л үзэх гэж миний урд сууж байгаа. Тэр хүмүүсийн хүссэн хэмжээнд хүр чадахгүй бол “яах билээ!” гэсэн айдас үргэлж байдаг. Миний хувьд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Балган, Үндэсний урлагийн их театр түүхэндээ гурван дуулалт жүжиг тавьсны хоёрынх нь гол дүрд тоглосон. Мөн нэлээд хэдэн мюзиклд тоглож байсан. Бүх л дүрдээ сэтгэлээ өгч, хөдөлмөр хүч зарцуулж байсан болохоор бүгд л сэтгэлд дотно байдаг. Хэдэн сайхан дурсамж бас бий. Хамгийн сайхан дурсамж гэвэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын анхны Отеллад тоглож байсан Ц.Гантөмөр гуай намайг "Universe best songs” уралдаанд Ягогийн дүрийг бүтээж оролцож байхад “Чи надад хүн шиг харагдсангүй, бар арслан шиг санагдлаа. Хоёулаа зовлон жаргал нэг юм байна. Ах дүүс шиг явъя...” гээд сайхан дээл хийж өгч байсан. Тэр агуу хүн өчүүхэн намайг тийм өндөрт үнэлсэн нь маш том урам болсон. Тэр дээлээ би одоо ч өмсдөг. Миний хамгийн үнэ цэнтэй эрхэм нандин зүйлүүдийн маань нэг дээ.

-Одоо Төв аймгийн театрт дуулж байгаа байх аа...

-Тийм. Би Үндэсний  урлагийн их театртаа гурван жил ажиллаад “Хөхөө” гэдэг кинонд тоглохоор болоод чөлөө авсан. Тэгээд чөлөө маань дуустал Төв аймгийн “Монгол туургатан” театраас урилга ирээд, одоо гоцлол дуучнаар ажиллаж байна. Манайхан үнэндээ намайг эрхлүүлж байгаа. Ямартаа л бие даасан тоглолтоо хийх гээд чөлөө авчихсан явж байх вэ дээ/инээв/.

-Сүүлийн үед кино урлагт хүч сорих болсон. Хэдэн кинонд тоглочих вэ?

-Харин тийм /инээв/. Анх “Мартагдашгүй намар-2” кинонд Жижгээ гэдэг дүрд тоглож байлаа. Дараа нь “Эр нахиалсан сарнай” гээд олон ангит киноны зүрх, судасны их эмчийн дүрд, мөн “Хөхөө” гээд кинонд тоглосон. Энэ жил Казахстан улсад нээлтээ хийх гэж буй нэг кинонд Хятад цэргийн даргын дүрд тоглосон байгаа. Миний энэ халзан төрх кинонд тоглох санал аваад байх шиг байгаа юм /инээв/.

-Жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх ёстой гэдэг. Тэгвэл дуучин хүнд ямар чадвар байх ёстой гэж та боддог вэ?

Ялгаагүй тал бүрийн авьяастай байх ёстой. Хоолойн чадлаас гадна жүжиглэх чадвартай байх хэрэгтэй. Ялангуяа дуурь, дуулалт жүжигт. Хүмүүс гурван бадаг дуу гэж ярьдаг. Тэгвэл зүгээр нэг дуу биш юм. Тэр гуравхан бадаг дотор бүтэн ээж, аав, нутаг гэх мэт зүйлийг бүрэн өгүүлсэн байдаг. Тиймээс тэр дуунд багтаж буй бүх зүйлийг бодож, биеэрээ мэдэрч, дуун дотроо орж, мэдэрч дуулах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн дууг ойлгож, өөр дээрээ мэдэрч, ухамсарлаад аргадаж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аавын тухай дууг яг өөрийгөө аав гэж бодоод мэдэрч дуулах юм. Миний хувьд дуун дотроо амьдарч, шингэж дуулахыг хичээдэг. Тиймдээ ч би дуулах дуртай. Яагаад гэвэл дуун дотор ахиж хэзээ ч ирэхгүй аав, ээж минь амьд байдаг.

-Уучлаарай. Нээрээ таныг их багадаа аав, ээжийгээ алдсан гэж дуулсан юм байна...

Би чинь их сонин хувь тавилантай хүн ш дээ, гурван ээжтэй. Уг нь би долоон хүүхэдтэй айлын хамгийн бага хүү нь. Намайг бага байхад хүүхэд тогтдоггүй айлд өргүүлсэн юм билээ. Тиймээс өргөж авсан ээжий, аавдаа хамгийн нандин үр нь байлаа. Гэвч харамсалтай нь ээж минь намайг хоёрдугаар ангид, харин аав минь дөрөвдүгээр ангид байхад хорвоогийн мөнх бусыг үзсэн. Удалгүй намайг төрүүлсэн ээж минь тэнгэрийн оронд одсон. Тэр цагаас хойш миний би наашаа гэж харсан хүн бүрийн л үр хүүхэд болсон доо. Бүтэн өнчин үлдэхэд хүмүүс “Энэ хүүхдийг асрамжийн газар явуулъя, эсвэл айлд өргүүлье” гэж ярьж байсан. Тухайн үед асрамжийн газраас айдаг байсан учраас очихыг хүсээгүй айлд өргүүлсэн нь дээр гэж бодсон. Тэгээд олон сайхан айлын хүү нь болж амьдарсан даа. Одоо бага ангийн багш минь миний гурав дахь ижий болж, “миний том хүү” гээд хайрлаж явна.



ТАЙЗ БОЛ МӨНХИЙН ШАЛГАЛТ
 


-Та дандаа театрт ажиллаж ирж. Үнэндээ театрын уран бүтээлчдийн цалин хөлс маш бага. Уг нь ийм чадалтай дуучинд өндөр цалин хангамжтай газар зөндөө олдмоор. Эсвэл нэр хүндийг бодож ажилладаг юм уу?

-Хүнд нэг зорилго гэж юм бий. Би яах гэж мэргэжлийн их сургуулийг төгссөн юм бэ, яах гэж ард түмний татварын мөнгөөр таван жил СУИС-д сурсан юм. Тэр сурсан хэргээ гаргах хэрэгтэй биз дээ. Тиймээс л би театрт ажилладаг. Түүнээс ямар нэгэн нэр хүнд, ашиг хонжоо, алдар нэр хүсдэггүй. Сайн уран бүтээлч бол өөрийнхөө санхүүг бүрдүүлж чаддаг гэж би боддог. Сайн уран бүтээлчийг ард түмэн үнэлдэг. Зүрх сэтгэлээрээ дуулсан хүнд хүн зүрх сэтгэлээрээ л мөнгө өгдөг. Надад зөндөө олон тийм зүйл тохиолдож байсан. Жишээлбэл нэлээд хэдэн жилийн өмнө нэг нэртэй бизнесмен ах надад “Ах нь чамд тэдэн төгрөг өгье гэж бодсон юм. Чи үнэхээр миний сэтгэлд хүртэл хүрч дуулж чадсан учир ах нь энэ мөнгөө гурав нугалж өгье...” гээд өгч байсан түүх бий.

-Тэгвэл тайз гэж таны бодлоор ямар үнэ цэнтэй зүйл юм бэ?

-Бас тайз бол мөнхийн шалгалт. Би үхэн үхтлээ тайзандаа шалгалт өгмөөр байна. Тайз бол би өөрөө юм. Тайз нурах юм бол би өөрөө нурна. Тайз муухай харагдаж байгаа бол би л муухай харагдуулж байна. Миний тайз надтай төгсөнө. Хүн дуртай зүйлтэйгээ хамт дуусна гэдэг хамгийн гоё. Тиймээс би хэрвээ санаагаар болдог бол алтан тайзан дээрээ дуулж дуусахад хүмүүс алаг ташаад, би нээх гоё ихэмсэг бардам ёслоод хийх зүйлээ дуусгаад тайзныхаа ард маш даруухнаар “мөнхөрчээ” гэж хэлүүлэх миний хувьд амьдралын хамгийн гоё утга учир, төгсгөл.

-Шулуухан хэлэхэд одоо нийтийн дуучид дунд тэр л гайхалтай мундаг дуучин гээд хэлчихээр хүн алга. Бүгд л жигд. Үнэхээр нэгэн үе нийтийн дууны ертөнцөд “од” болж явсан МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан шиг дуучин байхгүй байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Үнэхээр үзэгчид хэнийг нь яаж сонсох оо мэдэхгүй маш олон дуучид гарч ирсэн л дээ. Мэдээж аливаа зүйлийн цаг үеийнх нь тохироо бүрдэнэ гэж бий. Тухайлбал МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр цаг үе ээ мэдэрсэн. Бас цаг үе нь тийм дуучдыг хүсэж байсан. Тэр хоёр маань ч үнэхээр мундаг чадвартай дуучид л даа. Чанартай дуунуудыг ч бас дуулсан.

-Сая та “үзэгчид хэнийг нь яаж сонсох оо мэдэхгүй маш олон дуучид гарч ирсэн” гэлээ л дээ. Тэгвэл та тэднээсээ юугаар ялгаатай, онцлог вэ?

-Онгирсон л болох байх л даа. Миний хувьд дуурь ч дуулдаг, бас дууг ч дуулж чаддаг гэж боддог. Гэхдээ би дууг уран тансаг гоё дуулдаг гэж хэлж чадахгүй. Харин өөрийнхөө бодлоор л дууныхаа утга санаан дотор амьдарч дуулдаг. Дуулна гэдэг нь дууг гэдэг зүйлийг ойлгосон хүнд агуу том ертөнц юм шүү дээ. Би бас хэзээ ч “ам барьж” дуулахгүй. Би тийм хүмүүсийг ойлгодоггүй юм. Өөрийнхөө дуулсан дууг өөрөө дуулж чадахгүй байна гэдэг чинь бүдүүлэгхэн хэлэхэд ёстой тэнэглэл биз дээ.
 

-Сүүлийн үед манай дуурийн дуучид дэлхийн тайзнаа шуугиулж байна. Дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн хүний хувьд дэлхийд хүч сорих бодол байна биз...

-Дуурийн урлагийн тэмцээнд нас заадаг. Би бол одоо хөгшиднө/инээв/. Манай дуучдын хувьд бол таны хэлдгээр ёстой л дэлхийг бишрүүлж байна. Агуу тэднээрээ үнэхээр их бахархдаг. Тэдний амжилтын нөлөөгөөр бас бидний нэр хүнд өсөж байгаа шүү дээ. Миний хувьд Олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёр удаа оролцож, нэгээс нь “Өсөх ирээдүйтэй дуучин” шагнал, нөгөөдөхөд нь гуравдугаар байранд шалгарч байсан. Би зөвхөн Монгол эх орондоо дуугаа дуулаад явах дуртай. Намайг сонсдог хүмүүс бас бий болсон байна.

-“Дуулж явах хамгийн сайхан” гээд анхны бие даасан тоглолтоо 2019 оны 10 сарын 26-нд “UB PALACE”-д хийх гэж байна. Уучлаарай сүүлийн үед дуучдыг ганц, хоёрхон дуу дуулаад л бие даасан тоглолт хийдэг болж гэж хүмүүс шүүмжлэх болж. Таны хувьд...

-Та ярианыхаа эхэнд хэлж байсан намайг урлагт шинэ хүн биш гээд. Үнэхээр 10 жил гэдэг бага хугацаа гэж би хувьдаа бодож байна. Нээх мундаг дуучин болчихлоо гээд тоглолт хийж байгаа юм биш. Зүгээр 10 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ намайг сонсдог хүмүүстээ харуулъя, тайлагная л гэж бодсон юм. Энэ тоглолтоороо би нэг шат ахих ёстой. Анхны тоглолт учир би өөрийгөө мэдээж шалгаж, аль түвшинд яваагаа мэдэж авна. Миний тоглолтод намайг мэддэг, сонсдог хүмүүс цугларах юм бол миний хувьд үнэ цэнэ. Ер нь тоглолтын билет шахаад л байгаа хүн надад таалгадаггүй.  Үнэхээр дууг нь сонсох дуртай нь ирээд л үзнэ ш дээ.

-Олны танил хүмүүс өрийн тань талаар ярьсан хөгжилтэй бичлэгүүд сошиал орчинд нэлээд явна. Ер нь тоглолтондоо ямар хүмүүсийг оролцуулах вэ?

-Харин тийм /инээв/. Тоглолтонд маань МУГЖ, нэвтрүүлэгч Д.Цоодол ах, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ, дуучин Ц.Түвшинтөгс багш нар маань, мөн нутгийн эрхэм ах нар МУГЖ М.Баярмагнай, МУСТА, дуучин, ая зохиогч Н.Баасандорж, ажлын минь хамт олон Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид, “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга найз маань оролцоно.

-Тоглолтынхоо их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
 

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: Setguulch.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баярлалаа(77.38.148.28) 2019 оны 10 сарын 18

Сайхан ярилцлага байна.амьдрал, уран бутээлд нь едер амжилт хусье

0  |  0
Top