Уламжлалт өв соёлын "ТҮМЭН ЭХ" чуулгын 30 жилийн ой тохиож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Монгол түмний их өв соёл, бахархал болсон ардын урлаг зөвхөн Монголчуудын маань төдийгүй гадаадын жуулчдын үзэх, харах сонсох дуртай үзвэрийн нэг болоод удаж байгаа. Ардын урлагаа хөгжүүлж, түүнийгээ гадаад дотоодод танилцуулан сурталчилахад ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа үндэсний урлагаараа овоглосон тоотой хэдхэн байгууллагын нэг бол яахын аргагүй Уламжлалт Өв Соёлын “ТҮМЭН ЭХ” чуулга билээ.

Цомхон бүрэлдэхүүн, час хийсэн тоглолттой энэ чуулгын хамт олон хагас жарны түүхийг бүтээж, 30 жилийн ойгоо аравдугаар сарын 23-нд тэмдэглэх гэж байна. 

“Түмэн эх” чуулга нь жилдээ 300 гаруй тоглолт зохион байгуулж дэлхийн өнцөг бүрээс Монгол орныг зорин ирсэн гадаад дотоодын зочидод үндэсний урлагаа сурталчилан толилуулдаг.  Тоглолтыг үзсэн гаднын жуулчид Монгол хэмээн тамгалагдсан үндэсний урлагийн олон төрөл жанр, монголчуудын авьяас чадвараар бахархан бишрээд, гайхан алмайраад гардаг бол харин монголчууд МОНГОЛ хүн гэдгээрээ бахархан омогшоод, үндэсний урлагийн тоглолтуудыг үзэж баймаар юм байна гэсэн ухаарал олж аваад гардаг.  Чухам энэ л тэдний гол зорилго гэлтэй.

Мэргэжлийн уран бүтээлчдийн чансаатай уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулан хөгжүүлж, тасралтгүй уран бүтээлээ туурвин яваа энэ хамт олон үнэхээр л урлагийн төлөө, монгол өв уламжлалынхаа төлөө сэтгэлтэй, уйгайгүй хөдөлмөрч, урагш тэмүүлэх хүсэлтэй, эрч хүчтэй хамт олон.      

Ардын урлагийн арвин баялаг урын сантай “Түмэн эх” чуулгын тоглолт бусад үндэсний урлагийн тоглолтуудаас хэд хэдэн онцлог давуу талтай. Шилдэг тоглолт, сайн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог тус чуулгын хамт олон ардын урлагийн олон төрлийг багтаасан уртын болон богинын дуу, хөөмэй, морин хуур, үндэсний хөгжим, бий биелгээ, олон ястны бүжиг, цамын бүжиг, уран нугаралт зэргээс бүрдсэн чадварлаг тоглолтоо яг цагт нь эхлүүлж хэвшсэн нь талархууштай. Гаднын жуулчдад монгол орныг сурталчилж байгаагийн хувьд цаг барина гэдэг нэгэн чухал үзүүлэлт хэмээн хэлж болно. Мөн тус чуулгын тоглолтын тайз үзэгчидтэйгээ зэрэгцэн, дунд нь байгаа мэт мэдрэмж төрүүлэх зохион байгуулалттайгаараа онцлогтой бөгөөд тоглолтын туршид ямар ч техник хэрэгсэл ашигладаггүй учир монгол урлагийг илүү ойроос илүү мэдэрч үзэх боломжийг олгодогоороо бусад театр чуулгуудаас ялгардаг.

Илүү дутуу зүйлгүй, эв хавыг нь олоод шахчихсан мэт ар араасаа уялдан үргэлжлэх ардын урлагийн номерууд нь тун ч чадварлаг гүйцэтгэлтэй. “Түмэн эх”-ийн уран бүтээлчид, ажилчид маш хөдөлмөрч, мэргэжилдээ хайртай, үндэсний урлагаа хөгжүүлэх чин сэтгэлтэй байж өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өв их соёлоо уламжлал шинэчлэлтэй нь хослуулан тээж яваа гайхамшигтай хамт олон.
 


Өнөөдрөөс 30 жилийн тэртээ буюу 1989 онд Хүүхдийн паркийн дэргэд тэр үеийн Паркын захирал, АИХ-ын депутат С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билиг зүйч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, нэрт уртын дууч, урлагийн гавьяат зүтгэлтэн Солийн Цоодол агсан нарын санаачилга, зүтгэлээр мэргэжлийн уран бүтээлчид болон ардын авъяастнуудаас бүрдсэн холимог бүрэлдэхүүнтэйгээр энэ чуулгын үндэс суурийг тавьж байсан түүхтэй гэдэг.  

Төрийн түмэн эхээрээ бэлэгдсэн энэ нэрийг тухайн үеийн мундагууд мэдээж ихэд бэлэгшээж, учир утга бэлэг дэмбэрэлтэй өгсөн нь лавтай. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл ийнхүү үйл ажиллагаа нь тогтвортой байж, түүх соёл өв уламжлалаа урлагийн хэлээр өгүүлэн түмэн олноо баясган байгаа биз ээ. Үндэстэн оршихуйн дархлаа болсон үндэсний урлагаа язгуураар нь хадгалан, үргэлжлүүлэн хөгжүүлж залуу хойчид үлдээхийг эрхэм болгодог энэ хамт олон даруухан байж, даруйхан бүтээхийг эрмэлзэн ийнхүү хагас жарны түүхээ бүтээн тогтвортой үйл ажиллагаа явуулан эх орныхоо нэрийн хуудас болсоор байна. Итгэлцэл, үнэ цэнэ, найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэсэн 30 жилийн хамтдаа бүтээлцсэн эрхэм үзэгчид, харилцагчид, хамтран ажилладаг аялал жуулчлалын компаниуд, хувь хүмүүс албан байгууллагууд мөн үе үеийн “Түмэн эх”-чүүддээ  уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулга үүсэн байгуулагдсаны  түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, тэгш дүүрэн бүхний дээдийг хүсэн ерөөе.

"Бид Монголын үндэсний гайхамшигт урлагийн цогц үйлчилгээг танд хүргэнэ" хэмээх уриатай  “Түмэн эх”-ийн түүх үргэлжилсээр, төгөлдөр баян урын сангаар түүхийн хуудсаа зузаалсаар… 
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya(59.153.87.23) 2019 оны 10 сарын 21

Bayariin mend hurgey

0  |  0
Top