Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долоодугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргажээ. Хэрэг үнэн бодитоор шийдэгдэхгүй байгаа хэмээн талийгаачийн гэргий Б.Болороо хэвлэлийнхэнд хандлаа.
Б.Болороо “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нь мэдээлэл өгдөггүй байсан. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй. Би хэргийг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэгт итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад харамсаж байна.
Өмнө нь манай нөхөр лифтний засвар үйлчилгээг олон удаа хийж байсан. Анх удаа тийм ажил хийснээс үйлдвэрийн осол болсон юм шиг хуулийн байгууллага үзэж байна. Манай нөхөр лифтний засвар үйлчилгээ хийж буй бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг сар гаруйн дараа л мэдсэн.
Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ. Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан.
Нөхрийг маань амиа алдсаны дараа “Хишиг Арвин Индустриал” компани биднээс станц болон лифтний түлхүүр нэхсэн. Ямар хүн чанаргүй газар нөхрөө ажиллаж байсныг ойлгосон. Хүний аминаас үнэтэй станц, түлхүүр гэж байх уу. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гартал биднээс тус компани уучлал гуйхгүй гэж байгаа. Энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө тууштай тэмцэнэ. Хэргийг үнэн зөв шийдүүлэхгүй байх талаас нь цагдаагийн байгууллагад нөлөөлж байна гэж би хардах эрхийн хүрээнд бодож байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газар руу шилжүүлэн шалгахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржаваас хүсэж байна” гэлээ.
Мөн түүний ээж талийгаачийн амиа алдахаас өмнөх үеийн лифтэнд засвар үйлчилгээ хийж буй бичлэгийг үзүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
ЭНэ талаар мэддэг чаддаг хүн байвал энэ хөөрхий эмэгтэйд туслаач. Гомдолтой юм хэлээд байна шүүдээ. Хүмүүсээ санаа тавиачдээ.
согтуу л гар байсан байна ш дээ. дураараа юм ярих юмаа
Согтуу ажлаа хийж бсн бхнуу!арай ч дээ яагаал ийм худал хуурмаг юм бэ,хүний амь нас үрэгдчээд бхд .Шүүх үнэн мѳнийг нь олж ѳгѳѳч,үлдсэн хүмүүс хэцүү шдээ.
MONGOLIIN XUULIIIN BAIGUULLAGUUD JIRIIN XUNEE DANDAA UL TOOMSORLOSON BAIDLAAR XANDDAG DUREMTEI