Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд томилолтынхоо хугацаанд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзжээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан байна.
Тэрхүү тайланд "Төлөөлөгчид Б.Булганы (Зоригийн бэлэвсэн эхнэр) одоогийн нөхцөл байдал болон түүнд тавигдаад байгаа хоригуудын үндэслэлийн талаар мэдэхийг хүссэн. Б.Булган нь нэг талдаа эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч байх ч нөгөө талдаа өмнөх хэргийн “Захиалагч"-ийг олох ажиллагааны сэжигтэнд тооцогддог хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлэв. Мөн Б.Булган нь С.Зоригийн аллагад "дэмжлэг үзүүлж хамтран оролцсон"-ы тул 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд сэжигтнээр татагдсан гэж прокурорын газраас 2018 оны наймдугаар сард Хороонд мэдээлэл ирүүлж байсан. Гэвч Прокурорын орлогч нь Б.Булганы одоогийн байдал болон түүнийг ямар хэрэгт татсан тухай дэлгэрэнгүй мэдээл өгөхөөс татгалзав" гэсэн байна.
Түүнчлэн "Гэхдээ хэрвээ Б.Булган эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч гэдэг нь тогтоогдвол түүнд оноосон хилийн хоригийг прокурорын байгууллагаас хүчингүй болгож болохыг мэдээлэв. Харин Б.Булган төлөөлөгчидтэй уулзахдаа түүнийг хэргийн “Захиалагч"-ийг мөрдөх ажиллагааны хүрээнд сэжигтнээр нэг жилийн өмнө татсан гэдгийг хэлэв. Гэсэн ч түүний эсрэг чухам ямар тодорхой нотолгоо баримт байгааг мэдэхгүй байв. Тэрбээр хэргийн цорын ганц гэрч хэдий ч “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагаанд сэжигтнээр татагдсаны улмаас шүүх хуралдаанд мэдүүлэх эрхээ хязгаарлуулсан тухайгаа төлөөлөгчдөд хэлсэн. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дахь Б.Булганы одоогийн нөхцөл байдал болон түүнд оноосон хилийн хоригийн талаар тодорхой бус байгааг төлөөлөгчид санаа зовнин ажиглаж байна" гэжээ.
Харин тайлангийнхаа дүгнэлт, зөвлөмжийн хэсэгт "Б.Булганд оноосон хориг, ялангуяа Монголд дотооддоо чөлөөтэй аялах боломжийг нь хязгаарлах болсон үндэслэлийг төлөөлөгчид ойлгохгүй байна. Түүнийг баримт нотолгоонд үндэслэн шүүхээр нягтлуулж албан ёсоор хариуцагчаар татаагүй л бол тэдгээр хоригийг цуцлах хэрэгтэй" гэдгийг тодотгожээ.
Сэтгэгдэл ( 3 )
Булган насаараа хэлмэгдэж байгаа хөөрхийлтэй эмэгтэй.
Зөөз. Зоригийн хэргийг бүрмөсөн замхруулж санасандаа хүрээ шив хэсэг хүмүүс..ккк
Булганыг чөлөөтэй явуулаад хэргийг хаах нь дээ.