Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа аравдугаар сарын 25-31-ны хооронд зохион байгуулж байна.
Энэ жил зураачид Баянхонгор, Хэнтий, Өмнөговь баруун аймгуудад болон Олон Улсын зураачидтай хамтран БНХАУ-ын Алтан тооройн фестиваль, ОХУ-ын Абакан хотын Хакасын пленерт явж олон судалбар ажлыг хийсэн. Аравдугаар сарын 25-нд энэхүү ажлаа тайлагнасан “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Судалбар зураг нь аливаа уран бүтээлийг туурвихын өмнө уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийн, судлан зурдгаараа онцлогтой. Иймд манай улсын дүрслэх урлагийн үе үеийн алдарт зураачид 21 аймагт Урчуудын эвлэлийн салбарыг нээж, тэдэнд судалбар зургийн хичээл заахаас гадна аль ч улиралд эх орныхоо байгалийн сайхныг дүрслэн үлдээсэн олон арван бүтээлүүд туурвидаг. Үүнээс үзэхэд урлагийн бүтээлүүд дотроос судалбар зураг чухал байр суурь эзэлдгийг илтгэн харуулж байна.
Тус үзэсгэлэнд зураачид өөрсдийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвин /тосон болон усан будаг, пастель, зураасан зураг/ хийсэн 200-аад судалбар зураг дэлгэгдсэн юм. Мөн үзэсгэлэнд Хөгжмийн зохиолчдын холбоо, Зохиолчдын эвлэлийн хорооны төлөөллүүд уригдан нээлтийн үйл ажиллагаанд шүлэг, яруу найргаар сэтгэлийн бэлэг өргөн оролцлоо.
“Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнгийн хүрээнд 10 сарын 28-нд “Судалбар зургийн ач холбогдол” Урлаг судлаач О.Сосор ахмад, залуу уран бүтээлчид оролцсон уулзалт лекцийг, аравдугаар сарын 31-ний өдөр “Хөрөг зургийн судалбар” МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, багш Д.Булгантуяа оюутан залууст мастер – класс арга хэмжээг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )