Дорноговь аймагт жюү жицүгийн салбар холбоотой боллоо

2019 оны 10 сарын 28

Монгол улсад үүсэж хөгжөөд 12 жилийн нүүрийг үзээд байгаа ч хамрах хүрээ, амжилтаараа хурдацтай өргөжин тэлж байгаа Монголын жюү жицүгийн холбоо орон нутгийн салбар 2 дахь холбоогоо өлгийдөн авлаа. Тодруулбал Дорноговь аймагт жюү жицүгийн салбар холбоо байгуулагдаж, шинэ дэвжээний нээлтийн ажиллагаа өнгөрсөн бямба гарагт боллоо.

Тус салбар холбооны тэргүүнээр Чинбаатарын Мөнх-Эрдэнэ, багш дасгалжуулагчаар жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний Монгол улсын анхны дэлхийн аварга, ДАШТ-ий ягаан бүсний хүрэл медальт Мягмарын Сугар ажиллаж байна. Хөдлө эсвэл хөшиж үх уриатай Хилэнц дэвжээний нээлтийн ажиллагаанд МЖЖХ-ны ерөнхийлөгч Эрдэнэбаатар, МЖЖХ-ны гүйцэтгэх захирал Болд-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар МУГТ Цагаанбаатар, МУГТ Ууганхүү, Дорноговийн салбар холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ болон жюү жицүгийн тамирчид оролцож Хилэнц дэвжээнээс ирээдүйн тив, дэлхий, олимпын медальтнууд төрөн гарахыг хүссэн юм.

Нээлтийн ажиллагааны дараа Афины олимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар тамирчдад амжилт хүсч, энэ өдрийн бэлтгэлийг гардан явуулж, мэх техникүүдээс заан сургалаа. Ийнхүү жюү жицүгийн спортыг хот төдийгүй хөдөө орон нутгийн хүүхэд залууст түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг Монгол хүний төлөө МЖЖХ-ны салбар холбоо Дорноговь аймагт байгуулагдлаа. Дашрамд сонирхуулахад тус холбооны салбар анхны холбоо Сэлэнгэ аймагт байгуулагдаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top