“Харанга”-ынхан хамтлагаараа ГАВЬЯАТ боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

“Харанга” хамтлаг 30 жилийнхээ ойд зориулсан “Замд гаръя” тоглолтоо хийгээд удаагүй билээ.

1989 онд Улсын драмын театрын дэргэд байгуулагдсан уг хамтлагийн гурван гишүүн Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм цолны эзэд юм.

Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай болон аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар гавьяат цол хүртээд байсан бол өнөөдөр /2019.10.29/ нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаав.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ ГАВЬЯАТ болсон анхны хамтлаг “Соёл Эрдэнэ” байсан бол дараагийн хамтлаг нь ийнхүү “Харанга”-чууд боллоо.

 

Шинэхэн гавьяатууд хамтлагийнхаа таван жилийн ойгоор 1994 онд Соёлын тэргүүний ажилтан болж байсан бол өдгөө 25 жилийн дараа гавьяатын тэмдгээр энгэртээ гялалзууллаа. “Ногоон гэрэл”, “Соёмбо” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн хөгжимчид урлагт зүтгэсэн 40 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэнд ард олон уухайлан, баярлаж, тосон авав. Төрийн ордны үүдэнд цэцэг барьж догдлон хүлээсэн анд нөхөд, ар гэр, ард түмэн олноор ирсэн байв.

 

 

Пүрэвдаш бол маш хөдөлмөрч хүн. Хамтлаг анх байгуулагдаж байхад бид бэлтгэлдээ өглөө найман цагт ирдэг байсан бол Пүүжээ зургаан цагт ирдэг байсан. Одсүрэн бол аливаа зүйлийг шууд шулуухан хэлчихдэг хүн. Тэгж бөөрөнхийлөөд байдаггүй. Хамтлаг дотроо хамгийн бөөрөнхий нь бол би.

 

Тус хамтлагийн ахлагч Ц.Энхманлай: Харанга” хамтлаг 30 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж, хамаг л амьдрал, залуу насаа уран бүтээлд зориулсан. Энэ бүхний шагнал гэж бодож байна. Хүн эрүүл байвал эрч хүч дүүрэн байна. 40 жилийнхээ тоглолтыг хийнэ гэсэн хүсэл, эрмэлзэл дүүрэн байна. Пүрэвдаш бол маш хөдөлмөрч хүн. Хамтлаг анх байгуулагдаж байхад бид бэлтгэлдээ өглөө найман цагт ирдэг байсан бол Пүүжээ зургаан цагт ирдэг байсан. Одсүрэн бол аливаа зүйлийг шууд шулуухан хэлчихдэг хүн. Тэгж бөөрөнхийлөөд байдаггүй. Хамтлаг дотроо хамгийн бөөрөнхий нь бол би, /инээв/. Энэ нь хамтлагаа авч явах, эв найрамдлыг бэхжүүлэх бодлого юм шиг байгаа юм.

 

Нэг хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ  байгаагийн нууц гэвэл зорилго нь нэг, хүсэл, мөрөөдөл нь нэг.

Монгол Улсын гавьяат жүжигчин “Том” Г. Жаргалсайхан: Нэг үеийн нөхөд маань гавьяат авч байгаа нь зүүд шиг л санагдаж байна. Насаараа 40 гаруй жил хөгжим, урлагт хүч зүтгэж байж энэ цолыг авч байна шүү дээ. Нэг хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ  байгаагийн нууц гэвэл зорилго нь нэг, хүсэл, мөрөөдөл нь нэг. Хоёр найз маань даруухан хүмүүс л дээ. Хамтлагийг зангиддаг гол зохион байгуулагч нь Чулуунбат. Зохион байгуулна гэдэг чинь бас авьяас шүү /инээв/.

 

Хамтлаг гэдэг нэг нь л байхгүй бол хөг дутдаг. Одсүрэн байхгүй бол хамтлагийн дуурьсал, хөг байхгүй, Пүрэвдаш байхгүй бол цохилох амин зүрх, хэмнэл нь байхгүй болчихно. Бид нартай адилхан улсын мөнгөөр сураад ирээгүй, тэд яг л бор зүрхээрээ, унаган авьяасаараа, хүсэл мөрөөдлөөрөө ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд, эрч хүчтэй уран бүтээлээрээ маш их үүрэг гүйцэтгэсэн хамтлаг.

Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд: Одсүрэн  бид хоёр хүүхэд байхдаа Пеонорын ордонд хөгжим тоглодог байсан үеэс нөхөрлөсөн. 10 жилээ төгсөөд Энхманлайтай нийлж “Ногоон гэрэл” гэж хамтлагт ороод, Одсүрэн, Энхманлай хоёр цэрэгт явсан. Цэргээсээ тэр хоёр “Соёмбо” хамтлагт орсон. Би Циркт бөмбөрчнөөр орж, дараа нь Энхманлай, Одсүрэн, Пүрэвдаш гурваа Циркт авсан. Тэгээд би Орост сургуульд явчхав аа. Хамтлаг гэдэг нэг нь л байхгүй бол хөг дутдаг. Одсүрэн байхгүй бол хамтлагийн дуурьсал, хөг байхгүй, Пүрэвдаш байхгүй бол цохилох амин зүрх, хэмнэл нь байхгүй болчихно. Бид нартай адилхан улсын мөнгөөр сураад ирээгүй, тэд яг л бор зүрхээрээ, унаган авьяасаараа, хүсэл мөрөөдлөөрөө ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд, эрч хүчтэй уран бүтээлээрээ маш их үүрэг гүйцэтгэсэн хамтлаг.

 

Тэд бол хөгжимгүйгээр өөрсдийгөө төсөөлж чадахгүй улс. Амьдрал нь тэр чигээрээ хөгжим. Өөр ажил мэргэжил мэдэхгүй. Монголд буй мэргэжлийн цөөхөн хөгжимчдийн нэг учраас ард түмэн нь ч дэмждэг юм байна, төр засаг нь ч мэддэг юм байна.

“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан: Нийгмийн шилжилтийн үед төрсөн “Харанга” хамтлаг Монголын нийгмийг хөг эгшгээрээ цэнгүүлж 30 жил хамт байлаа. Урлагийн хүний зовлон, жаргал, хөлс, хүчийг төр үнэлсэнд баяртай байна. Монголын ард түмний уухай, дэмжлэг, хүсэн хүлээлтээр шударга хөдөлмөрөөрөө авч буй нүдээ олсон шагнал.  Тэд бол хөгжимгүйгээр өөрсдийгөө төсөөлж чадахгүй улс. Амьдрал нь тэр чигээрээ хөгжим. Өөр ажил мэргэжил мэдэхгүй. Монголд буй мэргэжлийн цөөхөн хөгжимчдийн нэг учраас ард түмэн нь ч дэмждэг юм байна, төр засаг нь ч мэддэг юм байна. 

 

 

Миний хань 40 гаруй жил бөмбөрийн урлагийг эзэмшиж, ард түмэнд энэ төрлөөрөө анхны гавьяат болсонд бахархаж байна. 

Пүрэвдашийн гэр бүлийн хүн П.Отгонтуяа: Бид хоёр ханилаад 40 жил болж байна. Урлагийн хүний ар тал байна гэдэг маш их тэвчээр, ухаан шаарддаг. Манай хүн хэдэн сар, өдрөөр аялан тоглолт гээд явчихна. Хүүхдүүд нялх байхад хэцүү л байсан. Миний хань 40 гаруй жил бөмбөрийн урлагийг эзэмшиж, ард түмэнд энэ төрлөөрөө анхны гавьяат болсонд бахархаж байна. 

 

Миний хүү бүр хоёр, гурван настайгаасаа л бөмбөрчин болно гээд тоглодог байсан. Гурван хүүгийн маань бага нь болохоор жижигхэн гурван хөлтэй бөмбөр зах дээрээс аваад өгчихсөн. Бөмбөрөөрөө гавьяат авна гэж тэр үед яаж мэдэх вэ дээ.

Бөмбөрчний ээж Ц.Должинсүрэн: Ард түмэн, эх орондоо хайрлагдсан, хайраар дүүрсэн хамтлаг болсонд нь ээж нь баярлаж байна. Миний хүү бүр хоёр, гурван настайгаасаа л бөмбөрчин болно гээд тоглодог байсан. Гурван хүүгийн маань бага нь болохоор жижигхэн гурван хөлтэй бөмбөр зах дээрээс аваад өгчихсөн. Бөмбөрөөрөө гавьяат авна гэж тэр үед яаж мэдэх вэ дээ /инээв/.

 

Энэ баярт мэдээг сонссон чинь догдлоод нойр хүрээгүй. Энэ шагнал бол дахиад 40 жилийнхээ ойд илүү их уран бүтээл хийгээсэй гэсэн хүсэлт гэж бодож байна.

“Харанга” хамтлагийн шинэхэн гавьяат Н.Пүрэвдаш: “Харанга”-ын андууддаа баярлалаа. Хайрт ээждээ баярлалаа. Бидний дууг сонсож, дэмжиж байдаг ард түмэндээ баярлалаа. Энэ баярт мэдээг сонссон чинь догдлоод нойр хүрээгүй. Энэ шагнал бол дахиад 40 жилийнхээ ойд илүү их уран бүтээл хийгээсэй гэсэн хүсэлт гэж бодож байна” гэсэн бол Я.Одсүрэн “Мэдээж, маш их баяртай байна. Фенүүддээ баярлалаа. Өчигдөр орой 21 цагт энэ мэдээг сонсоод их догдолж, баярласан. Манай хамтлаг бол  20 настайгаасаа нэг айлын хүүхэд шиг найзалж, нөхөрлөж ирсэн энэ чигээрээ уран бүтээлээ туурвих болно.

Хамтлагийнхныг Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим сүрт эгшгээрээ угтан авч, шинэхэн гавьяатууд тус хамтлагийн бөмбөрийг нижигнүүлэн цохиж үзүүлэв. Цэцэгт умбаж, цэнгэл баяраар халгисан найз нөхөд нь тэднийг хоёр суганаас нь өргөж, газар хүргэхгүй шахам авч одлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top