Монгол хүн анх удаа ФИБА-гийн Комиссын гишүүнээр сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА / FIBA)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавт албан бичиг, захидал ирүүлжээ.
 


Уг захидалд "Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр таны сагсан бөмбөгийн спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг тань үнэлэн ФИБА 3х3 Комиссын гишүүнээр 2019-2023 онд дөрвөн жилийн хугацаатай томилсныг албан ёсоор мэдэгдэж, баяр хүргэе" гэжээ.

ФИБА 3х3 Комисс болон түүний гишүүний үүрэг нь 3х3 төрлийн засаглал, зохион байгуулалтыг сайжруулах, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн шинээр нэвтрүүлэх санал гаргах, 3х3-ийн албан ёсны тэмцээнүүдийн хуваарилалтанд зөвлөгөө өгөх, санал гаргах, 3x3-ийн албаны хүмүүс /шүүгч, зохион байгуулагч баг нар багтана/-ийн сургалт ба үнэлгээ өгөх, түүний хэрэгжилтийг хариуцах, ФИБА 3х3-ийн тоглолтын дүрмийн өөрчлөлтөд санал оруулж, ФИБА-гийн Удирдах зөвлөлөөр батлуулах, олон улсын түвшин буюу дэлхий даяар 3х3 төрөл хэрхэн хөгжиж буйг хянах, хөгжүүлэх зөвлөмж, санал гаргах зэрэг бодлогын дээд түвшинд ажиллах комисс аж.

ФИБА 3х3 Комисс нь 16 гишүүнтэй бөгөөд даргаар нь Андрей Кириленко (ОХУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, НБА тоглогч асан) ажиллах болжээ.

Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-д болсон ФИБА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хуралдсан ФИБА-гийн XXI Конгрессоор шинээр сонгогдсон ФИБА Удирдах зөвлөлөөс энэхүү комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна. 



Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны шийдвэр гаргах түвшинд Монгол Улсаас анх удаа сонгогдон эх орноо төлөөлөн ажиллах болсон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танд нийт сагсан бөмбөгчид, дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье!

Түүний өнгөрсөн хугацаанд Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн энэ өндөр хариуцлагатай албанд сонгосон нь Олон Улсын түвшинд Монгол Улс болоод Монголын баг, тамирчдын нэр хүнд өндөрт байгаагийн бас нэгэн тод илрэл, баярт үйл явдал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top