Сэтгүүлзүйн салбарын “хатиг”-ийг хагалах цаг нь болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Салбарынхаа талаар сонинд бичихээр уншигчдад сонирхолтой байж чадах уу гэж өөрөөсөө асууж суулаа. Гэхдээ сонирхуулахгүй бол болдоггүй зүйл гэж бий. Улс орны тусгаар тогтнол, ардчиллын нэг баталгаа нь сэтгүүл зүйн дархлаа байдаг гэдэг утгаараа шүү дээ. Энэ өнцгөөс бас нийтэд зөв ойлголт өгөх нь ямар ч мэдээллийн хэрэгслийн үүрэг юм. Сэтгүүлч гэхээр нийгэмд “сэлэмчин” гэж ойлгогддог болтлоо доошлоод байгаагаа ядаж тайлбарлах ёстой биз дээ. Дээр нь дуугарч төвдөхгүй яваа сэтгүүлчдийнхээ өмнөөс ч яръя.

Нэрт нийтлэлч агсан Ж.Гангаа ах тэртээ жил “Хэрэв эвдрэх юм бол сэтгүүлч, замын цагдаа хоёр муухай эвдэрдэг” гэж билээ. Байнга санаж явууштай үг. Зөв явбал энэ мэргэжил тун бахархалтай. Харин буруудвал дэндүү адгийн харагддаг онцлогтой. Өнөөдөр ёс зүй, хэм хэмжээгээ сахисан мянга, мянган хүн мэдээллийн салбарт ажиллаж байна. Тулхтай, наана цаадахыг ойлгох хэмжээнд төлөвшиж, санаа суусан сайт, сонин, телевизийн редакциуд ч чамлахааргүй олон бий. Гэхдээ ний нуугүй ярихад сайхан алдрыг шороотой хутгаж, хэт ашиг орлого талаас нь хөөцөлдөөд байгаа хүмүүстэй ч боллоо. Тэр хэсэг нь арга, зохион байгуулалтын хувьд ч жил ирэх хэрээр “муухай эвдэрч” байна даа.

Мэдээллийн хэрэгсэл гэдэг өөрөө маш хүчтэй эрх мэдэл агуулж байдаг, мөн өнөөгийн технологийн дэвшлийг дагаад хувьдаа байгууллагатай болоход амархан болж. Аливаа эрх мэдэл сайн, муу янз бүрийн хүний сонирхлыг татдаг нь улс төрийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Харамсалтай нь, улс төрд ядаж сонголт хийж болдог бол өнөөдөр сэтгүүл зүйд дуртай болгон нь дураараа тонгочиж байна. Энэ замаар Монголын сэтгүүл зүй гэх том айл “хатиг”-тай болсныг одоо хэнээсээ нуух вэ дээ. Сүүлдээ бүр хэвлэл мэдээллийн бизнесийг нийгмийн өмнө хүлээсэн асар хариуцлагатай, иргэдийн мэдэх эрхийг хангах, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзэхээсээ илүү өөрт нь ашигтай “зэвсэг” гэж үздэг хэсэг бүлэгтэй болтлоо хавтгайрлаа. Ийм “зэвсэг”-ийг улстөрчид, бизнесүүд, хувь хүн эзэмшихийг хүссэн, чадаж ч байгаа. Сүүлдээ бусдыг айлгах замаар мөнгө салгадаг ямар хамтрагч нар байдгийг дотооддоо мэддэг болтлоо дампуурч байна. Аливаа нэг гүтгэлгийг захиалгаар дэвэргэдэг, эсвэл нийтэд тустай үйлийг зохиомлоор харлуулдаг арми үүсч байгаа нь “ариун явдал” уу даа. Дунд нь иргэд мэдэх эрхээрээ, улс орон хувь заяагаараа хохирч байгааг дуугүй харж суудаг болох нь.

Саяхан МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн төвөөс судалж үзэхэд 150 гаруй мэдээллийн сайт байдаг ч ердөө 33 нь өдөр тутмын үйл ажиллагаатай, хаягаа ил тод нийтэлсэн байж. Тэгвэл 120 орчим нь өнөө “хэцүү” хүмүүсийн халаасанд явж байдаг “тонгорог” юм биш байгаа. Хагас сар орчмын өмнө Монголын сайтын холбооны хуралд тохиолдлоор суусан юм. Уг хурлаар хуурамч мэдээтэй (fake news) тэмцэх, түүнийг таних, мөн жинхэнэ мэдээг цаг алдалгүй олонд таниулах тухай онцлон ярилцаж байсан нь анхаарал татаж байв. Монголын чөлөөт сэтгүүл зүй, тэр дундаа цахим сэтгүүл зүй залуугаараа байна. Гэхдээ өөрийнхөө доторх асуудлаа шийдэх, алдаа дутагдлаа ярилцаад цэвэрлэх хэмжээнд өсчээ гэж бодогдож байлаа. Монголын сэтгүүлчид өөрсөд дундаа байгаа алдаа дутагдлыг харж, засахыг хүсч байгаагийн жишээ, энэ.

Нөгөө талдаа харин худал мэдээллийн хамгийн увайгүй нь болох гүтгэлэг бичвэр хэлбэрээсээ халиад телевизийн тавилттай шоу, зохион байгуулалттай гэмт хэрэг болж байгаа жишээ ч гарлаа. Насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн 19 настай эмэгтэйд мөнгө өгч “Хүүхдийнхээ аавыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр гэж зарла” гэсэн хачин явдал болжээ. Хохирогч тэдний хүслийг биелүүлээгүйгээс энэ хэрэг задарчихсан юм билээ. Тэр эмэгтэйн “ТВ8” телевизэд өгсөн ярилцлагыг үзэж байхад “Очоод унтаж, хэвтээд бичлэг хийгээд ир, эсвэл хүүхдээ түүнийх гэж зарла. Тэгвэл хэдэн төгрөг өгье. Гадаад гараад явчих. Байхгүй хойгуур чинь бүх юм болоод өнгөрнө” гэх байдлаар хандаад “Үгэнд орохгүй бол чи бидний гараас зайлахгүй, бид хамгаалалтын албатай, өгсөн бичлэг чинь ч байна” гэж сүрдүүлсэн байх юм. Сонсож суухад ч тогтох аргагүй сэтгэл сэртхиймээр явдал. Үйлдсэн хүмүүс нь “ТВ4” телевизийнхэн гэх. Бас “Хатуу мэдээ.мн”-ын Мөнхтөр гэгч бололтой юм. За тэр, “Хатуу мэдээ” гэдэг нь яахав, хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш байх. Харин “ТВ4” телевизийн хувьд өргөн нэвтрүүлгийн эрхтэй хууль ёсны телевиз шүү дээ. Халагламаар.

Ийм болтлоо өширхсөн шалтгааныг таамаглах нь тусдаа сэдэв болохоор орхиё. Наад зах нь, Тост Тосон бумбын нуруунаас үүдэлтэй том мөнгөтэй хүмүүсийн хор шар ч байгаа биз. Бас, “ТВ4”, “Хатуу мэдээ” пэйжийн Мөнхтөр, яруу найрагч Галсансүх зэрэг хүмүүс “Сэтгүүлчдийн онц их хурал зарлахыг дэмжиж байна” гээд мэдээлэл хийгээд байсан нь санагдах. Хурал болбол хуурамч мэдээгээ гаргаж ирэх ч байсан юм уу. Бүү мэд ээ. Гол нь хэн нэгний нэр төрд халдахын тулд бүхэл бүтэн амьдрал нь урдаа байгаа балчир бүсгүйгээр “сор залах” санаа төрнө гэдэг эмгэнэл юм. Энэ хэрэгт холбогдсон тухайн телевизийн сурвалжлагч эмэгтэй бантсандаа нөгөө охины нэр, зүсийг цахим орчинд олонд зарлаад өөрийгөө хамгаалаад сүйд. Учрыг нь бүрэн ойлгоогүй зарим хүн элдвээр хараасан коммент бичсэн харагдана лээ. Хохирогчийн буруу болгодог бас нэг гажуудлын жишээ. Ерөөсөө ингэж хүний амьдралыг юман чинээ боддоггүй, хүйтэн зүрхтнүүдийн тоглоомонд залуус өртөж амьдралаа алдсан нь ганц нэг биш дээ. Залуу хүнд албан тушаал өгч хулгай хийлгээд түүнийг нь хуу хамчихдаг хэр нь өөрийнхөө оронд шоронд явуулчихсан улстөрчдийн талаар бол бичиж л явлаа. Харин ийм булай юмыг сэтгүүлчид зохион байгуулсан мэдэгдэж байгаагаар анхны тохиолдол бол энэ хэрэг. Хойшдоо Монголын сэтгүүл зүйн ялзралын жишээ болж, их сургуулиудын хичээл дээр яригдах нэг сэдэв болж үлдэх нь эргэлзээгүй. 

Энэ бас Монголын сэтгүүл зүйн хөгжил ухарч яваагийн дохио юм. Социализмийн жилүүдэд мэдээллийн хэрэгсэл суртал ухуулгын зэвсэг байв. Шинэ нийгэмд шилжихтэй зэрэгцээд “шар” гэгдэх хэвлэлүүд нэг хэсэг мандсан. Гэхдээ тухайн үедээ нийгэмд гарч байгаагүй мэдээлэл өгч байснаараа талх шиг зарагддаг байсан болохоос эрээгээ алдаж, савнаасаа халиагүй гэж боддог. Тухайн үеийн мэдээллийн эрэлт дээр өдөр тутмын сонинууд төлөвшиж иргэдийн мэдэх эрхийн манаанд зогсож байна. Өнөөдөр нэр хүндтэй яваа мэдээллийн вэб сайтуудын олонх нь өдөр тутмын сониноос салбарлаж школыг нь хуулсан шинжтэй байдаг. Энэ бол хөгжлийн үе шатаараа явж байгаа л хэлбэр. Гэхдээ эргээд “шар” гэдгийг зохиол гэж ойлгочихоод түүгээрээ мэргэшиж, танигдан өндийж байгаа телевиз хүртэл байгуулагдчихаад байгааг юу гэх вэ. Тэр нь тэгээд зохион байгуулалттай гэмт хэрэг хийхээр завдаж л байдаг. Үүндээ ашиглах гэсэн хүүхдээ өөрсдийнх нь зоргоор явахгүй болохоор олон нийтэд нэр, зурагтай нь дэлгэж гишгэх газаргүй болгож байгаа юм. Ийм нөхдүүд улам мэргэшсээр байвал хойтон жил улс төр идэвхжиж УИХ, орон нутгийн ээлжит сонгууль болохтой зэрэгцээд бүр баллах юм байна. Үүнийг нь ч олж харсан юм уу сүүлийн жил гаруйн хугацаанд улстөрчид Зөрчлийн хуульд байгаа гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах гээд байдаг боллоо.

Салбартаа байгаа сахилгагүй нөхдүүдээс болж нийтээрээ төрийн төмөр нүүртэй тулдаг болох нь. Хэрэв тэгвэл хэвлэлийн хагас эрх чөлөө чинь бидний өнөө гайхаад байгаа Филиппин, Тайланд шиг ор үндэсгүй болно гэсэн үг.

Саяхан даа, хэвлэлийн төлөөлөгч хийдэг хэдэн найзуудтайгаа уулзлаа. Тэд бол байгууллагаа төлөөлөн өдөр бүр сэтгүүлчидтэй нүүрэлдэж байдаг хүмүүс. Төрд иргэдэд хүргэх мэдээлэл асар их байдаг. Тийм ч болохоор хэвлэлүүд хамтран ажиллах гэрээ хийдэг. Хууль сурталчлах, төрийн шинэ үйлчилгээний талаар мэдээлэл гээд байж л байдаг зүйл. Харин хэвлэлийн төлөөлөгчдийн ярьж буйгаар бол сүүлийн жилүүдэд төрийн мөнгөнөөс зүгээр авах сонирхолтой мэдээллийн хэрэгсэл олон болсон гэнэ. Эргээд иргэдэд хэрэгтэй төрийн мэдээлэл хүргэх албагүй. Харин мөнгө өгөхгүй бол муулна, харлуулна гэдэг байдал газар авчээ. Харлуулахаа тулбал юу эсийг нааж болохгүй гэх вэ. Ингээд улсын мөнгө буюу иргэдийн татвар шантаажны мэдээллийн хэрэгслүүд рүү урсдаг аж. Энэ бол муу нь сайнаасаа сайхан амьдраад байгаагийн шалтгаан юм. Нөгөө талдаа ч гэсэн төрийн албаны дарга нар улс төрийн томилгоогоор ихэнх нь очсон болохоор төрийн мөнгөнөөс өгөөд бушуухан салах гэдэг гэнэ. Ядарчихсан ч амьтад бол доо. Харин хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг салбартаа тодорхой хугацаанд ажилласан хүн хийдэг болохоор салбараа хайрладаг нь олон. Тиймээс ч “Бид болохгүй бол тусдаа хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо байгуулъя. Тэгээд энэ шантааж хийдэг мэдээллийн байгууллагуудыг хамтраад зарлаж байя. Тэр байгууллага шантаажчин шүү гэж бусдад мэдэгддэг болохгүй бол болохоо байлаа” гээд баахан юм ярьж байлаа. Ер нь тэдний дунд иймэрхүү яриа байнга өрнөдөг бололтой.

2005 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хуралдсан МСНЭ-ийн II их хурлаар “Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг хэлэлцэж баталсан байдаг. Сэтгүүл зүйн Үндсэн хууль гэж ойлгогдоно. 10 заалттай энэ баримт бичгийн нэгдүгээрт “Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулах, бичиж бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авах, баримтыг нуун дарагдуулах зэрэг мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана” гэж бий. Бараг 15 жил өнгөрчихөөд байхад энэ заалтад туссан зовлон хэвээрээ байгаа нь ч нэг, нэгнийхээ толгойг илж өнөө хүрсний балаг юм. Наад зах нь манай аль өнгөтэй яваа сэтгүүлчдийг хэнд худалдагдсан бэ гэж олон нийт хардаг болтлоо уруудлаа. Одоо энэ “ТВ4”-ийн явдалтай хамааралтайгаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хуулийн хүрээнд эцсийг нь үзтэлээ явна гэж мэдэгдсэн байна лээ. Сэтгүүлчтэй заргалдсан сэтгүүлчдийн ерөнхийлөгч өмнө нь байгаагүй болохоор сонин л харагдаж байна. Гэхдээ сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж байгаа юм бол салбараа аврах үүрэгтэй гэдэг талаасаа бол зөв.

Монголын сэтгүүл зүй “хатиг”-аа шахахад мөн ч их бохир гарна даа. Өвдөнө, халуурч үнэн худлаа нь мэдэгдэхгүй дэмийрнэ. Гол нь эдгээд авна. Монголын сайтуудын холбоо хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар ярилцаж санаа нь зовж байна. Хэвлэлийн төлөөлөгчид ч шантаажны хэвлэлийг зарлахад бэлэн болж. Тогтсон, төлөвшсөн хэвлэлийн байгууллагууд болдоггүй хэдээсээ ичиж байгаа. Эднийгээ зангидаад болж бүтэхгүй хэдээсээ ялгараад авах, ёс зүйн дүрэмдээ тодорхой заалтууд нэмэх, үнэхээр шантааж хийдэг, хууль бус үйл ажиллагаа явуулаад байдаг бол нийлээд зарладаг болох болжээ. Сэтгүүлчдийн онц их хурал гэдгийг ч энэ сэдвээр хийх хэрэгтэй. Амьдралд хөл тавьж яваа бүсгүйн амьдралыг сүйтгэхдээ санаа зовохоо больсон, хүний нялх үрийг сэвтээхдээ ичихгүй байгаа хүмүүсээсээ салж байж бид нийгмийн өмнө итгэл хүлээнэ. Тэгж байж цаашдаа ард иргэдийн мэдэх эрхийн төлөө итгэл төгс зүтгэнэ. Учир нь, энэ салбар зүгээр ашиг сонирхол хөөсөн хүмүүсийн хөлний алчуур биш туурга тусгаар улсын язгуур эрх ашигтай холбоотой юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнгөтэй байна(64.119.17.56) 2019 оны 11 сарын 11

Мандахбаяр ч Алтаншагай ч хэн хэн нь мөнгөтэй л байна даа үүнийг бичсэн хүн бүүр ч их мөнгөний үнэр авч дээ хэдэн жилийн өмнө дөө зохиолчдын эвлэлийн Буянзаяа

0  |  0
hehe(66.181.161.16) 2019 оны 11 сарын 11

setguulchid tsewershiheesee ungursun baihaa

0  |  0
Irgen(192.82.68.144) 2019 оны 11 сарын 11

Mandahbbayer yum hiij baigaa bolhoor sensatstai amidarch baigaa yum Setguulchdee ih umuurvh hamgaalj baigaa haragddag yum

0  |  0
Иргэн(43.228.129.161) 2019 оны 11 сарын 11

Хүн гүтгэдэг ёс зүйгүй сэтгүүлчдийг хатуу шийтгэх хууль яаралтай гаргая Сэтгүүл зүйн салбар ёс зүйгүй худалдагдсан хүмүүсээр дүүрчээ

0  |  0
иргэн (64.119.16.120) 2019 оны 11 сарын 11

Сэтгүүлчид худалдагдсан гэдэг нь илт байдаг л даа. Энэ гайгүй сэтгүүлч юм уу? гэж байтал төд удалгүй үнэн дүр төрх нь харагдана.Тэр Лодойсамбуу байна сүрхий хүү юм гэж байтал тэр нэг генералтай хийсэн ярилцлагын төгсгөлд үгүй ээ тэр уурлаж байгаа нтр нь ээ сэтгүүлч хүний ёс зүй гэдэг нь тийм байдаг юм уу? ! Сайн сайн гээд хүмүүс хөөрөгдчихөөр бүүр оодорчихсон

0  |  0
Үзэгч(66.181.184.170) 2019 оны 11 сарын 11

Тэр TV-4 телевизийг хаах хэрэгтэй Алтаншагай гэж эфир ашиглан балиар нохой ч үл шинших хов ярьж байдаг дурак

2  |  0
иргэн(139.5.218.154) 2019 оны 11 сарын 11

Сэтгүүлч нэртэй гадныханы бөгсийг долоосон новшийн хүүхэнүүд бас байна

0  |  0
Зочин(139.5.217.42) 2019 оны 11 сарын 11

Дэмжиж байна

1  |  0
зочиннн(202.179.24.121) 2019 оны 11 сарын 11

Мандахбаяр ямар сенсаацтай амьдардаг юм бэ\n

0  |  0
Ард(103.11.195.34) 2019 оны 11 сарын 11

Аргагүй шүү дээ. Сэтгүүлчид хүн гүтгэх, доромжлох нь ямар ч ялгүй болчихсон. Сэтгүүлзүйн салбарт ямар нэг цензургүй байхгүй зөвхөн мөнгөний төлөө ажилладаг болсон болохоор өөр яалтай билээ. Буруу юм болгон муу үр дагавартай болохоор одоо яалтай билээ!

0  |  0
Зочин(203.91.119.42) 2019 оны 11 сарын 11

Сэтгүүлч хүн сурвалжлах ажлаа л хий, битгий гүйцэтгэх ажил хийгээд бай.\n

1  |  0
Top