ТОЙМЧ БИЧИЖ БАЙНА: Сэхүүн өвгөд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд би хөлд орж байсан юм. Намайг хөлд орж байхтай зэрэгцэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Багабанди, Н.Энхбаяр, Буян Жагаа, Ногоон намын О.Бум-Ялагч, С.Баяр, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, М.Энхсайхан гээд зүсэн бүрийн нөхөд улс төрд хөл тавьж байсан юм билээ. Монголын цэл залуу үе өнөөдөр 30 насны босго давж, харин нэгэн жарантай хөл нийлүүлэн муугаар хэлбэл хөгжлийн чөдөр болон улсаа туших уралдааны тэргүүн эгнээнд яваа сэхүүн өвгөд сүрчиг сэнгэнүүлэн Төрийн ордноор жороолж байна. Нэг үгээр хэлбэл улс төрийн насжилт хайж яваа нь тэр. Өөрсдийн зохиосон дүрмээ өөрсдөө зөрчиж улс төрд дүрэмгүй байхыг уриалчихаад одоо шальдар бульдар юм яриад энэ улсыг хөгжүүлнэ гээд солиорч яваа харагдана лээ.

90 онд дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйлгүй байхад улсынхаа төлөө зүтгэсэн гавьяаг нь буруутгах аргагүй. Өнөөдрийн элбэг дэлбэг болгоход оруулсан хувь нэмрийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ цаг цагаар хувьсан өөрчлөгдөж дэлхийтэйгээ хөл нийлүүл. Тэр үед монголчуудын өргөн хэрэглээ байсан УАЗ 469 авто машин одоо алга. Сүнгэсэн том жийпнүүдийн эрэн үе ирчихсэн байна. Монголыг дэлхийтэй холбож байсан компьютер ширээ дүүргэдэг байсан бол одоо алгын чинээ гар утсанд багтсан байгаа биз дээ. Дэлхий хийгээд бидний амьдрал ингэж өөрчлөгдөж байна шүү дээ. Манай сэмбэгэр хэд холион бан­тангийн хувьс­гал хийж бай­хад тэд нарын үеийн бараг дүү шахуу Барак Обама хийх зүйлээ хийчихээд чимээгүйхэн яваад өгчихөж байна шүү дээ. Францын ерөнхийлөгч Эмманэуль Макроныг хар. Залуу үеийн төлөөлөл улсаа сэвхийтэл удирдаад аваад явчихаж байна. Ард түмэн нь ч итгэж байгаа юм.

Гэтэл манай Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр тэргүүтнүүд туулж өнгөрсөн улс төрийн амьдралдаа цэг хатгах нь бүү хэл улам залуужин улс төрд орох гэж үхэн хатан зүтгэх юм. Бие биенээ харлуулан, доромжуулан байж зүтгэнэ. Өмнө нь өөрийнх нь гарт бүх эрх мэдлийг өгчихөөд байхад улсаа хөгжүүлэх алхам хийгээгүй байж одоо гэгээнтний дүрээр ирэх ямар шаардлагатай юм бэ. Шахаад шахаад баас л гарна гэдэг шиг шахаад шахаад албан тушаалын наймаанаас өөр зүйл гарна гэдэгт итгэхэд тун бэрх. Н.Багабанди шигээ чимээгүйхэн “Титэм үг” тэрлээд суу л даа. Бүр болдоггүй юм бол нэг компанийн зөвлөх болоод суучих л даа. Гэхдээ хор багатайгаар. Бүр Төрийн ордноос холдож чадахаа больтол өвчилсөн юм бол тэдэнд зориулаад ганц хоёр өрөө гаргаад өгчих. Тэндээ шатар тоглоод сууж байг. Тэгэхгүй бол энэ улс чинь улстөрчдийнхөө зуданд зүдэрч дуусах нь.

Гадны орнуудад км-ын гүйлт нь болчихсон авто машинуу­даа заазалдаг. Харин тэр машинуудыг нь манайх импорт­лодог. Үүн лугаа манайхан насжилт нь дууссан улстөрчдөө тэтгэвэрт нь гар­гаж, ач зээгээ харах тэр боломжит цаг хугацааг нь гаргаж өгмөөр байна. Тэгэхгүй бол улс төр дэх насжилт нь дууссан хөгшдийн импорт дуусахгүй нь. Ард түмэн ч гэсэн “Та мундаг улстөрч. Та л байхгүй бол сум орон нутаг хөгжихгүй хөлд чирэг­дэж дууслаа” гэдэг наалинхай үг хэлж тэдэнд хоосон итгэл төрүүлэхээ больчихмоор байна. Үнэхээр тэд л байхгүй бол энэ улс орон сүйрчих гээд байгаа юм шиг ойлгоод зөрүүд зандаа хөтлөгдөн энэ улсыг ирээдүйтэй нь баллаад байнаа.

Шударга үнэнийг тогтооно гэсэн тэдний залуу насанд Монголын ард түмэн итгэсэн. Залуу насаа тэтгэврийн нас хүртэл хангалттай ашиглаж, Монголын төрөөр айл гэр болж тоглотлоо, хэн нэгнийгээ, найз нөхдөө авлигач хулгайч гэж цоллох хүртэл ард түмэн чинь итгэж хамт байлаа. Ардчиллын үнэт зүйлийг хулгай хийж зөвхөн өөрсдийн эрх мэдлийн төлөөх талбар болгож, ард түмнээ талцуулан зогсоодог болов. Гэхдээ тэд хэзээ ч юмны өмнө гарч байгаагүй. Тэмцэл бүрийн ард чимээгүйхэн зогсож байгаад бялуу хуваарилалт дээр үргэлж тэргүүн эгнээнд нь том том яриад зогсчихдог байсныг түмэн олноороо харцгаалаа. Одоо бүгдээрээ хөтлөлцөөд улс төрөөс холхон байж үз. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Ш.Төмөрсүх, Ногоон намын О.Бум-Ялагч нарын хүмүүсийг бодоход бусад хоёр намын нэрээр Монголын төрийг зайдалсан эрхмүүд хүрч болох бүхий л өндөр албан тушаалд очсон. Парламентад суудалтай болж үзээгүй намынхан 30 жил боргосоор тэдэнтэй хамт өтөллөө. Тиймээс парламентад суух боломжгүй гэдгээ мэддэг зарим нь улс төр хийж байгаад сонгуулийн өмнө таван төгрөгөөр үнэт зүйлээ худалдан аль нэг нам, эвслийг дэмжин сонгуульд орсон болоод дуусдаг.

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика “Эрх мэдэл хүмүүсийг өөрчилдөггүй. Харин тэдний жинхэнэ нүүр царайг илчлэн гаргадаг” хэмээн хэлж байсан удаатай. Би л байхгүй бол “Энэ улс будаа” гэж боддог сэхүүн өвгөчүүдийн нүүр царайг яг хэлсэн байгаа биз. Бушуухан энэ өвгөчүүдээ тэтгэвэрт нь суулгахгүй бол улсаа хорлосон “хар ухаан”-аа залуу үедээ өвлүүлээд байна. Тэд дор бүрнээ 20-30 залууг улс төрд бэлдэж байна гэх мэдээлэл бий. 2020 оны сонгуульд тэднийгээ удирдаж харьяалагдаж буй намаа хэд хэд хуваагаад өрсөлдөж мэднэ. Гэхдээ тэдний дийлэнх нь үндсэн харьяаны намаасаа гадна халаасандаа ямар нэгэн улс төрийн намын тамга тэмдэг авч явдаг. Ингэж л тэд залуу үеэ их улс төрд сойж байна. Тэдэнд ашигтай хувилбар байх юм бол хэдэ нам дамжин явахаас ч сийхгүй толгойнууд. Тухайлбал, Э.Бат-Үүл Гэр хороолол хөгжлийн намаа халаасалсан бол Н.Алтанхуяг Нэгдмэл монгол хөдөлгөөнөө одоо нам болгохоор яваа гэсэн. Н.Энхбаяр МАХН-тайгаа, Ц.Элбэгдорж өөрийг нь тоосон хэнтэй ч хамаагүй, Буян Жагаа Бүгд найрамдах намтайгаа, С.Баяр өөрт ашигтай хувилбар дээр гараад л ирнэ.

Сүх жанжны талбайг гороолон жагсагчид яг үнэндээ таны, миний төлөө жагсаагүй юм шүү дээ. Ард талд нь байгаа эзнийхээ эрх ашгийн төлөө таныг, намайг ашиглахаар гоё чамин үгс хэрэглэн, ганц хоёр олны танил хүмүүст хөлсийг нь төлөөд түүн дээрээ тоглолт хийж байгаа. Хаваршаад ирэхээр сонгууль дөхчихнө. Арын албанаасаа ахмадын золбоогийнхон тэргүүн фронтод гарч ирнэ дээ. Ард түмэнд таалагдах түмэн гоё үгс бэлдэж байгаад жагсаалын индэр дээрээс халаасандаа “салаавчтай” гоё юм ярьж, ямар нэгэн хонгил нураахаар болж байгаагаа мэдэгдэнэ. Хонгилыг нураахад дэмжлэг л хэрэгтэй байна гэж үглэн дуулна. Хөдөлмөрийн үндэсний намынхан Ардын намаас дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын суудал гуйж байгаа гэх мэдээлэл гарсан. Үүнийг нь батлах гэсэн мэт ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлчихсөн. Хэрэв энэ үнэн бол нэг нам эрх баригчдад дагаар орон сонгуульд дэмжигч гэх үү хамжигчаар оролцож магадгүй гээд улс төрийн нүүдлүүд хөвөрч л байна.

Улс төрд хор өвөртөлж явдаг ийм нэг сэхүүн өвгөдөө тэтгэвэрт гаргахгүй бол “Би сайд болохгүй” гэж хэвлэлийнхний өмнө ам өчиг өгчихөөд маргааш нь “Нөхцөл байдал өөр болсон. Намын даалгавар. Өөр сонголт алга” гэсэн гуравхан өгүүлбэрээр ам таглаад алга болно. Зальжин хөгшчүүдийн сүүлчийн сумаа тавих арга нь тэр. Манай зарим ахмадууд улстөрчид дотор долоон удаа парламентад сонгогдож, таван удаа сайд хийсэн хүмүүс байна лээ. Үнэхээр улсаа бодож ажиллаж байсан юм бол таван удаа сайд хийхэд нь энэ улс бодлогоо аятайхан тодорхойлчихож болдоггүй юм бэ. Цаад хэд чинь найм дахь удаагаа парламентад, зургаа дахь удаагаа сайд хийхээр гэтэж явна. Тэд хоттой хониноос шөлний ганц төлөг яаж салгахаа дэндүү сайн мэднэ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.120) 2019 оны 11 сарын 13

Болдог юм зэрэг зиндаагаараа болно доо.

0  |  0
Зочин (202.9.45.98) 2019 оны 11 сарын 13

Ёс зүйтэй эх орноо гэсэн сэтгэлтэй бол нас хамаагүй шдээ. Харин ч ухаан туршлагыг нь ашигламаар л байна. Даанч ихэнх нь тийм биш юм даа.

1  |  0
зочин(66.181.191.230) 2019 оны 11 сарын 12

цагтаа засгийг залуучуудад өгсөн шүү. Тэгээд өнөөдөр иймэрхүү л байгаа

0  |  0
Зочин (103.229.121.178) 2019 оны 11 сарын 12

Цадаж ханахаа байсан хумууст хууль хариуцлага байхгуй бугд Тэдний Гарт болохоор еер яах естой болж байна

0  |  0
Mongol(77.13.134.223) 2019 оны 11 сарын 13

Ynen

1  |  0
ИРГЭН(66.181.164.222) 2019 оны 11 сарын 12

үнэн л юм бичжээ.

0  |  0
иргэн (64.119.16.120) 2019 оны 11 сарын 12

Тийм шүү. Манийн үеийн энэ хөгшчүүл ёс зүй, чиг хандлага гэж байгаа энэ үеийн шаардлагад нийцэхгүй болсон. Боловсролтой, чадалтай, ёс зүйтэй өчнөөн сайн хүүхдүүд байна тэдэнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй л дээ. Мөнхийн ус уучихсан юм шиг залуустай тэрсэлдээд сууж байх ямар хэрэг байна. За тэр ХҮНам гэсэн юмнууд бол хэрэггүй ээ

1  |  0
Top