СУРВАЛЖИЛГА: Хятадуудыг баривчилсан буудлуудын нэг нь ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Монгол Улсад 783 хятад иргэн жуулчны визээ зориулалтын бусаар урвуулан ашиглаж нутаг буцаагдсан, тэднийг гурван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

Үйл явдлыг эргэн санавал, одоогоос 14 хоногийн өмнө тэдгээр хятад иргэнийг цахим гэмт хэргийн холбогдогч байж болзошгүй бөгөөд цаашлаад тусгаар тогтносон бүрэн эрхт улсын үндэсний аюулгүй байдалд занал учруулсан байж ч мэдэх үндэслэлээр баривчлан шалгасан. Гэвч 783 хятад иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй хэмээн асуудлыг шийдвэрлээд, БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шалгаж байгаа. Тухайн үед Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгаас хятад иргэдийг хэсэгчлэн баривчилж, шалгаж байлаа.

Харин одоо тэдгээр зочид буудалд нөхцөл байдал ямар болсныг бид дахин сурвалжиллаа.
 

Баянгол дүүрийн "Кентавр" зочид буудал ажиллахгүй байна


“Кентавр” зочид буудалд очиход хууль хүчнийхний хамгаалалтад орсон 14 хоногийн өмнөх нөхцөл байдалтайгаа адилхан эл хуль байв. Буудал руу оръё гэхэд гаднах хашаагаар ч нэвтрэх боломж алга. Ажилчид нь хүртэл ирснээ утсаар мэдэгдэж дотогш орж байна. Буудлын үйл ажиллагаа явагдахгүй байгаа бөгөөд тагнуулын байгууллага хянаж байгаа гэсэн мэдээллийг иргэн өгч байна. Арванхоёрдугаар сарын 1 хүртэл үйл ажиллагааг нь явуулахгүйгээр хаасан бололтой. Мөн “Кентавр” зочид буудлын эзэн нь монгол хүн байдаг гэдгийг эх сурвалж хэллээ. Эх сурвалж “Энэ зочид буудлын эзэн 20 гаруй жилийн өмнөөс одоогийн буудал байгаа газарт хувийн засварын газар ажиллуулж хөдөлмөрлөж ирсэн. Долоон жилийн өмнөөс зочид буудлаа бага сагаар барьсаар өдийг хүргэсэн боловч хэн нь мэдэгдэхгүй гаднын иргэдийг янз бүрийн бодолгүйгээр буудалдаа хүлээж авснаараа юун түрүүнд сэтгэл санаагаараа хохирч байгаа” гэсэн юм. Гэхдээ хуулийн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа учраас асуудлыг бүрэн илэртэл мэдээлэл хэлэх нь илүүц байгаа аж. Хамгийн чухал нь хятадуудыг байрлуулж байсан гурван буудал болон нэг оффисын барилгыг аль алиныг нь хятад эзэнтэй хэмээн дэгстүүлж, хөдөлмөрлөх гэж мөрөөрөө зүтгэж яваа улсынхаа иргэнийг хэлмэгдүүлэх хэрэггүй гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж гомдонгуй хэлэх юм.

Дараагийнх нь “Амар” зочид буудал. Тус барилгын зургаагаас 11 давхарт “Амар” зочид буудал байрладаг. Зочид буудал руу ороход зарим давхрынх нь үйл ажиллагаа зогссон, зарим давхарт нь засвар хийх гэж байгаа бололтой ор, хаалга зэрэг эд хогшлыг салгаж тавьжээ. Ажилчид нь “Зочид буудал ажиллахгүй байгаа” гэсэн боловч зочид буудалд өрөө захиалсан иргэнээс тодруулахад “Зургаа, долоон давхартаа л зочид хүлээж авч байна. Бусад давхарт засвар хийж байгаа гээд оруулсангүй. Харин барилга доторх ресторан зэрэг газруудын үйл ажиллагаа хэвийн явж байна” гэв. Нэг зочид буудлын үйл ажиллагааг бүрэн зогсоосон бол нөгөө зочид буудлын зарим давхар нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь энэ.

Тэгвэл баривчилгаа явагдсан гурав дахь зочид буудал болох “Ориентал” ажиллахгүй байгаа гэнэ. Тус зочид буудал нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй. Зочид буудал дотор цагдаа нар шалгалт хийсээр байгаа гэж хөндлөнгийн хүмүүс хэлж байна. Мөн л зочид буудлын гаднах хашааг нь хүн оруулахгүй байхаар түгжжээ. Цонхны хөшиг хаалттай. Тиймээс дотоод үйл ажиллагааных нь талаар мэдээллийг олж авах боломж алга.
 

Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлын долоон давхарт"Амар" зочид буудлын давхрын өрөөнүүд


“Union building”-ийн “С” блокын оффисын барилгад хятад иргэд байрлаж байсан зургаа, долдугаар давхрын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Өдрийн 14:00 цагийн орчимд лифтээр дээш гарахад тус хоёр давхарт харанхуй байна. Хятад иргэдийн байрлаж байсан өрөөнүүд рүү нэвтрэх шилэн хаалга ч цоожтой. Цааш өрөөнд хүн байгаа эсэхийг мэдэх боломжгүй байв. Ингээд л дуулиан өнгөрөөд дөнгөж 14 хонож байхад хэрэг явдал мартагдах дөхжээ. Нэг сенсациар нэг сенсацийг дарсаар урьдах нь мартагдаж үгүй болдог гаж тогтолцоо энэ асуудалд өрнөчих вий дээ. Зочид буудлуудын эзэд буудалдаа 200 орчим хятад иргэдийг байрлах гэж байхад мэдэхгүй өнгөрч болох уу.

Нөгөө талдаа үнэхээр гэм буруугүй хүн буудалдаа зочин хүлээж авсныхсаа төлөө хариуцлага үүрчих вий дээ. Одоогоор Монгол Улсад цахим гэмт хэрэг үйлдэх гэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй этгээдүүдийн талаар ил болсон нэмэлт мэдээлэл алга. Бодит байдал дээр асуудал тодорхой болоогүй шалгаж байгаа гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж, зочид буудлын эзэн, ажилчид нь ямар нэг асуудалд орохоос эмээж нарийн мэдээллийг хэлэхгүй юм. Эргэн тойрны иргэн, айл өрхүүд нь шуугиантай зүйл л болоогүй бол байшин дотор юу болж байгааг мэдэх аргагүй гэдгээ учирлаж байна.
 

Баянзүрх дүүргийн "Ориентал" зочид буудал үйл ажиллагаагаа зогсоожээ

Сүхбаатар дүүргийн "Union building"-ийн оффисын барилгад хятад иргэдийн байрлаж байсан давхрууд харанхуй байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top