Энэ жилийн өвөл жолооч нарт өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацаа өгсөн үү гэлтэй өмнөх жилүүдийнхээс орой цас орлоо. Ганцхан өдөр орсон цас шөнөдөө эрс хүйтэрснээр хөлдөж, нийслэлийн авто зам шил толь шиг болж ихэнх замуудад халтиргаа, гулгаа үүсэн түгжрэл ч ихсэв. Өвлийн улиралд жолооч нар зуны дугуйгаа солих, автомашинаа хучлагаар хучих шаардлагатай байдаг учраас бид “Өгөөмөр” техникийн захыг зорин өвлийн дугуй болон машины хучлагын үнэ ханшийг сурвалжиллаа.
“Өгөөмөр” техникийн зах хөл хөдөлгөөн багатай байв. Өнгөрсөн жил анхны цас ороход тус техникийн зах хөл хөдөлгөөнд дарагддаг байсан аж. Эрэлт их байсан учраас дугуйны үнэ эрс нэмэгдсэн байна. Харин энэ жилийн намар дулаахан байсан учраас жолооч нар явцын дунд бэлтгэлээ хангачихсан. Дугуйны үнэ ч буурсан гэж тус техникийн захын худалдагч Н.Батболд ярив. Шинэ дугуй өндөр үнэтэй байдаг учраас худалдаачдын барааны ихэнх хувийг хуучин дугуй эзэлдэг аж.
Гэхдээ Японд үйлдвэрлэсэн хээ нь арилаагүй хуучин дугуйнууд Хятад шинэ дугуйнаас дутахааргүй чанартай гэдгийг наймаачид хэлж байв. Жолооч нар ч гэсэн шинэ хятад дугуйнаас илүү Японд ашиглаж байсан хуучин дугуйг худалдан авахыг зорьдог байна.
“Өгөөмөр” техникийн захад автомашины өвлийн нэг дугуйны үнэ хэмжээ, шинэ хуучнаасаа шалтгаалан 30-250 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байлаа.
Суудлын автомашинууд 14 болон 15-ын хэмжээтэй дугуйтай байдаг учраас эрэлт ихтэй байдаг аж. “Приус” маркийн автомашины 15-ын хэмжээтэй Япон хуучин дугуй 30 мянган төгрөгөөс эхлээд 80 мянга хүртэлх төгрөгөөр худалдаалагдаж байв. Харин шинэ хятад дугуй 105 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дунд болон том оврын жийп автомашины 16-ын хэмжээтэй Япон хуучин дугуй 35-70 мянга, шинэ нь 140 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн обуд, олгой нь тусдаа үнэтэй. Тухайлбал, төмөр обуд 15-70 мянган төгрөгийн үнэтэй бол хайлш буюу гоёлынх нь 250 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй. Харин Орос, Солонгос, Хятадын олгойны хувьд хэмжээнээсээ хамаарч 7-40 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.
Бид эхний чингэлгээс эхлээд сүүлчийн чингэлэг хүртэл явж дугуйны үнэ асуухад наймаачид дугуйны онцлогоос хамаарч 5-10 мянган төгрөгийн зөрүүтэй мэдээллийг өгч байсан юм.
Харин автомашины нимгэн хучлага 60 мянга. Зузаан нь 100-150 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин дунд болон том оврын жийп автомашины хучлага нимгэн зузаанаасаа хамаараад 200-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
ДӨРВӨН УЛИРЛЫН ДУГУЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ
Өвлийн дугуйны үнийг судлахын зэрэгцээ хүмүүсийн хэлж заншсан дөрвөн улирлын дугуйны үнэ ханшийг мөн асуухад наймаачид “Хүмүүс дөрвөн улирлын дугуй авъя гэхээр нь худалдагчид өвлийн дугуй өгөөд явуулдаг. Яг үнэндээ дөрвөн улирлын дугуй гэж байдаггүй. Өвөл, зуны дугуй л гэж байдаг” гэв. Дугуй авч байгаа жолооч нарын ихэнх нь өвлийн дугуйны аль нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас асууж байсан юм. Зөөлөн резинтэй дугуй нь замтай барьцах чадвар сайтай байдаг учраас дугуйгаа сонгохдоо он болон хээг нь сайтар харж, он залуу арзгар хээтэй дугуйг сонгох нь зүйтэй гэж жолооч Ө.Үнэнбат ярив. Мөн тэрбээр “Энэ жил дугуйны үнэ өсөөгүй байна. Өнгөрсөн жил 70 мянгаар дугуй авч байсан бол сая илүү чанартайг 65 мянгаар худалдан авлаа” гэв.
Харин жолооч А.Ууганбаяр “Долоо хоногийн өмнө дугуйгаа сольё гэж бодсон боловч амжилгүй явсаар цас орчихлоо. Би Японд явж байсан хуучин 14-ийн хэмжээтэй нэг дугуйг 30 мянгаар авлаа. Хоёр жилийн өмнө маш их цастай өвөл 14-тэй дугуй 70 мянга хүрч байсан. Энэ жил дулаахан байсан учраас үнэ нэмэгдээгүй байна” гэсэн юм. Захаас дугуйны үнэ сонирхож, жолооч нартай уулзсаны дараа тэр хавьд байрлах дугуй засварын газруудаар орлоо. Ихэнх дугуй засварын газрууд тэнхлэг, өндрөөс нь хамаарч дөрвөн дугуйг 8-10 мянган төгрөгөөр сольдог юм байна.
ӨВЛИЙН ДУГУЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Өвлийн дугуйг сонгохдоо дугуйн дээрх “Studless” гэсэн бичгийг анхаарч харах хэрэгтэй. Энэ нь өвлийн дугуйг илтгэх тэмдэглэгээ юм. Мөн М+S гэсэн тэмдэглэгээг анхаарах шаардлагатай. Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг.
Дугуйн дээр цасны тэмдэглэгээ байвал мөс болон цасан дээр явахад ямар ч бэрхшээлгүй гэж ойлгож болно.
Зарим дугуй үйлдвэрлэдэг компаниуд “Snow”, “Winter”, “Ice” гэсэн тэмдэглэгээг бичсэн байдаг. Өвлийн дугуй хөлдөхөөргүй зөөлөн резинтэй, хөндлөн богино эрчлээстэй байдаг ба энэ нь газартай барьцалдах чадварыг нэмэгдүүлдэг байна. Бүх дугуйн дээр үйлдвэрлэсэн он сарыг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, 2718 гэсэн тэмдэглэгээ нь 2018 оны 27 дахь долоо хоногт үйлдвэрлэсэн дугуй аж.
Эхний хоёр тоо нь үйлдвэрлэсэн долоо хоногийг, сүүлийн хоёр тоо нь оныг нь зааж өгдөг байна. Дугуй үйлдвэрлэгчид шинэ дугуйнд таван жилийн баталгаа өгдөг ба дугуйг 7-8 жилээс илүү ашиглахгүй байхыг зөвлөдөг. Дугуй цоо шинээрээ байлаа ч үйлдвэрлэснээс хойш 10 жил өнгөрсөн бол чанаргүй болсон гэж үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )