Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, “Солт-Лейк-2002” Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний аварга, Яшар Догугийн мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны залуучуудын хөнгөн жингийн “Purevbaatar Cup” тэмцээн арваннэгдүгээр сарын 23-нд Спортын төв ордонд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолд “Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгө, “Минск-1975” ДАШТ-ий алт, “Софи-1971”, “Стамбул-1974” ДАШТ-ий мөнгөн медальт, XX зууны бөхийн од, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх, “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр, МЧБХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу-Мегаватт” компанийн захирал, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, “Таикун” ХХК-ийн захирал П.Гансүх, МҮОХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, “Атланта-1996” олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн анхны Азийн аварга, Гавьяат тамирчин Д.Нармандах, О.Пүрэвбаатарын анхны багш, нэрт дасгалжуулагч О.Мөнхбат, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Азийн АШТ-ий хошой мөнгө, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхбаяр болон О.Пүрэвбаатарын ээж Оюунбилэг, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нар нь оролцов.
 


О.Пүрэвбаатар гавьяат энэ үеэр Дархан аварга Х.Баянмөнх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, П.Гансүх, өөрийн анхны багш О.Мөнхбат нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын цом гардуулан өгсөн юм.

Түүний төрсөн өдөр, нэрэмжит тэмцээний үеэр “Шонхор” клубийн хамт олон, төгссөн сургууль ҮБТДС-ийн хамт олон, дотны найзууд болон “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Номин, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэргүүтэй шавь нар нь хүндэтгэл үзүүлсэн.

1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан алдарт бөх “Ооска”-гийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш уламжлал болгон 11 дэх жилдээ зохион байгуулагдсан бөгөөд 13 байгууллагын 92 тамирчин хүч үзэв.

Манайхны эчнээ танил Буриадын Ерөнхийлөгчийн цом, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий аварга Баир Цыреновоор удирдуулсан Буриадын залуучуудын шигшээ багийн 11 тамирчид энэ удаагийн тэмцээнд хүрэлцэн ирж манай залуучуудтай хүч үзсэн энэ удаагийн тэмцээний онцлог байлаа.

57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Э.Төгсжаргал, 65 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Н.Ганбаяр, 70 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн нар жин тус бүртээ аваргаллаа. Эднээс ОУХМ Н.Насанбуян тус тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлсэн нь содон амжилт байв.

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тус тэмцээнд гурван шавиа түрүүлүүлсэн Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нар тодров.
 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
 

57 кг (30 бөх): 1. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс) 2. Дамдин Цыренжапов 3. Ананда Дашиев (хоёул ОХУ, Буриад), Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

61 кг (20): 1. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс) 2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 3. Намдагдоржийн Эрхэмбаяр (Орхон аймаг, Ирээдүйн одод), Ядамын Үржинжав (Женко)

65 кг (20): 1. Намсрайн Ганбаяр (Женко) 2. Цэнд-Аюушийн Дамдинпүрэв (МУБИС) 3. Батбаатарын Буд (73 дугаар сургууль), Батдэлгэрийн Баттулга (Орхон аймаг, Ирээдүйн одод)

70 кг (22): 1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор) 3. Азбилэгийн Эрдэнэсайхан (Хангарьд), Владимир Агбанов (ОХУ, Буриад)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top