Оросын спортыг “ХАР СҮҮДЭР” дайрах уу?

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Ц.Энхтүвшин. ”ТАВАН ЦАГАРИГ”

Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гийн тусгай хорооноос ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаатай “бандах” саналыг гаргажээ. Эцсийн шийдвэрийг энэ арванхоёрдугаар сарын 9-нд Францын Парис хотноо болох WADA-ийн Гүйцэтгэх хорооны хурлаас гаргах хэдий ч энэхүү санал хэрэгжих магадлал маш өндөр байгаа юм.

Оросын допингийн эсрэг төв болох РУСАДА нь Москва дахь лабораторийн мэдээллийн сангийн мэдээллийг Дэлхийн допингийн эсрэг агентлагт явуулахдаа хугацаа хоцроосон төдийгүй хамгийн гол нь мэдээллийн санд засвар хийсэн, булхай оруулсан гэж WADA буруутгаж байгаа бөгөөд хэрэв “бан” хэрэгжихээр бол олон шийтгэлийг Оросын тал хүлээх юм. Тухайлбал,
 

  • “Токио-2020”, “Бээжин-2022” Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй, оролцуулсан ч ОХУ-ын нэр дээр бус “Оросын олимпийн тамирчид” гэж оролцуулах ба ОХУ-ын туг, төрийн дууллыг хэрэглэх боломжгүй
  • ОХУ нь дөрвөн жилийн хугацаанд спортын томоохон уралдаан тэмцээн зохиох эрхгүй болно
  • Хэрэв томоохон уралдаан, тэмцээн зохиох эрхээ нэгэнт авсан бол эрхийг нь шилжүүлэх буюу хураах 


Тодруулахад ОХУ 2020 оны хөлбөмбөгийн Европын АШТ , 2021 онд хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ийн финал, 2022 онд волейболын ДАШТ, 2023 онд шайбтай хоккейн ДАШТ, Универсиад наадам зэрэг томоохон тэмцээнүүдийг зохиох эрхээ авсан байгаа билээ.
 

  • ОХУ-ын тамирчдыг 4 жил томоохон уралдаан тэмцээнд оролцуулахгүй
  • ОХУ-ын төлөөлөгчдийг WADA-тай хамтран ажилладаг олон улсын спортын холбоодын удирдах бүрэлдэхүүнд сонгохгүй байх
  • ОХУ-ын Олимпийн хорооны удирдлагууд спортын үйл ажиллагаанд оролцохыг хориглох шийдвэр гарч болзошгүй юм.
     

Арванхоёрдугаар сарын 9-нд “бан” хүчинтэй болоод ОХУ тал ВАДА-ийн шийдвэрийг хүлээн завшөөрөхгүй бол Швейцарийн Лозанн хотноо байрлах Спортын арбитрын шүүхэд 21 хоногийн дотор хандаж болох ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top