"Баянхонгор Мазаалай" баг улирлын эхний хожлоо авлаа
"Баянхонгор Мазаалай" баг Үндэсний лигийн хоёр дахь тоглолтоо лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй "Улаанбаатар" багийн эсрэг хийлээ. Эхний тоглолтууддаа хожигдоод байсан хоёр багийн тулаан тун сонирхолтой болж эцсийн мөчид 104-98 харьцаатай "Баянхонгор Мазаалай" баг улирлын эхний ялалтаа авсан юм. Тус тоглолтод "Мазаалай" багийн бүрэлдэхүүнд легионер тоглогч Маркус Хэммондс болон үндэсний лигийн дэд хэсгийн аварга, улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Ганбаатар нар нэгдэж улирлын эхний тоглолтоо хийсэн. Улмаар багийн шинэ гишүүд онцгой байж Н.Ганбаатар 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Хэммондс 20 оноо, 12 самбар, 11 оновчтой дамжуулалт өгч улирлын анхны трипл дабл үзүүлэлтийг толилуулжээ. Баянхонгор Мазаалай баг эсрэг багаасаа будагтай талбайд авсан оноогоороо 18-аар илүү байсан нь хожил авах хамгийн том шалтгаан байжээ.
Харин "Улаанбаатар" багийн залуус бөмбөг алдалтаас авсан оноо, мөн хоёр дахь боломж, хурдан довтолгоогоор авсан оноогоор илүү үзүүлэлттэй тоглосон.
Архангай Дайчидын улирлын дөрөв дэх дараалсан ялалт
Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг улирлын дөрөв дэх тоглолтоо н.Буян-Өлзий эзэнтэй "Өвөрхангай Тэнүүн-Өлзий" багийн эсрэг хийлээ.
Тоглолтын эхний үеийг Архангайн баг гайхалтай хийж 14 оноог өрсөлдөг багаасаа илүү авсан бол "Өвөрхангай Тэнүүн-Өлзий" баг хоёрдугаар үед оноог ердөө нэг болгож ойртуулсан. Улмаар гуравдугаар үед "Дайчид" дахин оноог холдуулж, энэ зөрүүг "Өвөрхангай Тэнүүн-Өлзий" баг дөрөвдүгээр үед нэг оноо болтол ойртуулж чадсан ч тэргүүллийг авч чадалгүй явсаар 101-109 харьцаатай "Дайчид" баг улирлын дөрөв дэх хожлоо авлаа.
Ийнхүү "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг улирлыг 4-0 гэсэн нэг ч хожигдолгүй сайн үр дүнгээр эхлүүллээ. Харин Өвөрхангайн баг улирлын эхний хожигдлоо авч 2-0 гэсэн амжилттай боллоо.
Сэтгэгдэл ( 0 )