А.Эрдэнэ-Очир агсны "Тунгалаг тэнгэрийн дор" цомог хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны "Тунгалаг тэнгэрийн дор" яруу найраг, дууны хос цомог хэвлэгдлээ. 

Сэрүүн тунгалаг ахуйдаа хэвлүүлж амжаагүй түүний бүтээлийг том хүү Э.Цагаан-Уул нь үргэлжлүүлэн гүйцээж, аавынхаа гэгээн замаар алхаж явна. Гурван цувралаар гарах цомгийн эхнийх болох энэхүү цомогт багтсан бүх шүлгээ найрагч өөрөө уншсан ажээ.

“Тунгалаг тэнгэрийн дор” цомогт “Тунгалаг тэнгэрийн дор”, “Би талын бүргэд”, “Миний цуглуулсан хорвоо”, “Голын тохой дээр” зэрэг 15 шүлэг, “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Ангир жиндэх намар”, “Найман сарын бороо”, “Цэцэг нь нулимстай хорвоо” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон 10 гаруй дууны уран бүтээл багтжээ.
 


Монголын их утга зохиол, яруу  найрагт  "Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн найрагчдын нэгэн  тод төлөөлөл яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны төрсөн өдрөөр нь буюу энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Төв номын санг түүний нэрэмжит болгож, бичгийн мэргид, анд нөхөд, дүү нар, гэр бүлийнхэн, орон нутгийнхан нь тэмдэглэж, гэрэлт найрагчийн гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн юм.  

Тэрбээр “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг ном бүтээл хэвлэн гаргасан бөгөөд 1998 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал, 2002 онд “Зам” шүлгээрээ Болор цомын эзэн болж, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн билээ.

“Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш, энэ үдэштэй найрсаад
Үнэмшимгүй юмаа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэрийн дор...”
хэмээсэн тунгалаг сэтгэлийн тольтод туссан түүний уран бүтээлийг сонсохыг хүсвэл  95117582, 89115841 дугаарт холбогдох боломжтой бөгөөд тус цомгийг худалдаалах үнэ нь 25000 төгрөг гэдгийг дашрамд дуулгая.

Цомгийн нээлтийг ирэх сард хийхээр төлөвлөж байна.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top