Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 19 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

-Хөгжлийн бэрхшээлийг амьдралын бэрхшээл болгохгүйн тулд

хөдөлмөрийн зах зээл дэх тэгш эрхийг хангах хэрэгтэй-

 

Эрүүл бие, саруул ухаант хүмүүн төрөлхтөнд хэлж ирдэггүй хийсэж ирдэг олон зовлон бэрхшээлийн нэг нь хөгжлийн бэрхшээл. Төрөлхийн, олдмол аль нь ч ялгаагүй хүний сэтгэл санаа, амьдралын чанарт шууд нөлөөлж байдаг гачлантай. Хүн сайхан амьдрах эрхтэй. Хүний эрх бол заяагдмал зүйл. Тэр дундаа хөдөлмөрлөх, хангалттай цалин хөлс авах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, бусадтай мөр зэрэгцэн алхах эрхэнд хөгжлийн бэрхшээл гэдэг бэрхшээл саад болдог.  Хүний эрхийг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрөөс зохицуулж, хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийг өсгөх, ажил олгогчдыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон заалтыг тусгасан бөгөөд төрөөс өнгөрөгч онд дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулснаас нийслэлд 950 орчим сая төгрөгийг зориулжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг 2016 онд баталж, халамжийн бодлого баримталж байв. Гэтэл энэ нь хүртээмжтэй, урт хугацааны бодлого биш. Тэдний мэргэжил эзэмших, алдагдсан чадвараа нөхөн сэргээх, санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд зарим зүйл заалтыг орхигдуулсан учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх санал оруулжээ. Хөгжлийн бэрхшээлийг амьдралын бэрхшээл болгохгүйн тулд  хөдөлмөрийн зах зээлд  тэгш эрхийг хангах хэрэгтэй

 

Бэлэн бүтээгдэхүүн борлуулах цэгийг нэмэх шаардлагатай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байр бол тэрхүү согогийг засан сайжруулах замаар бусад иргэдтэй адил хөдөлмөрийн бүтээмж гаргах боломжийг бүрдүүлэх зорилготой. Тэдний хувьд орон нутаг, дүүргээс явуулсан сургалтад хамрагдаж, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг боловч бэлэн бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь гол асуудал юм. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах газар Дүнжингарав, Драгон гэсэн хоёрхон цэг байдаг. Энэ цэгүүдийг жуулчид их явдаг газруудад нээж өгөөч гэдэг хүсэлтийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос гаргаж байв. Үүнийг өгүүлэхийн учир нь ирэх сарын 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг угтаж өчигдөр МУИС-ийн Номын санд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш эрхийг хангах, тэдний зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд дүүрэг, дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн эсгий, гоёл чимэглэл, гар урлалын эдлэл, дээл хувцас гээд төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарлаа. Мөн түүнчлэн тэдний тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг 2016 онд баталж, халамжийн бодлого баримталж байв. Гэтэл энэ нь хүртээмжтэй, урт хугацааны бодлого биш. Тэдний мэргэжил эзэмших, алдагдсан чадвараа нөхөн сэргээх, санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд зарим зүйл заалтыг орхигдуулсан учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх санал оруулжээ. Хөгжлийн бэрхшээлийг амьдралын бэрхшээл болгохгүйн тулд  хөдөлмөрийн зах зээлд  тэгш эрхийг хангах хэрэгтэй гэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар хэлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж энэ жил 174 мянган төгрөг болж нэмэгдсэн. Гэвч энэ мөнгийг зөвхөн ус, талх хоёрт зориулахад л хагас сар болоод дуусах юм байна лээ гэж нэгэн иргэн учирлаж байв. Иймд идэж,уух гэдэг анхдагч хэрэгцээнд ч хүрэхгүй учир юугаараа өмсөж зүүж, амьдрах таатай орчноо бүрдүүлэх билээ.

 

Сонсголгүй хүн ямар ч ажлыг хийж чадна. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ж.Наранцэцэг нь сонсголын бэрхшээлтэй боловч 30 шахам жил хашаандаа ногоо тарьж хүний дайтай амьдарч байна. 150 мкв газарт тарьсан жимс ногоо нь түүнд жилдээ 10 сая төгрөгийн орлого авчирдаг ажээ. Энэ чиглэлээр зааж сургасан 2000 гаруй шавьтай гэдгээ ч тэрбээр бахархан өгүүлэв.

 

Өөрт тохирсон ажлын байраа олчихвол тэд хэнээс ч дутахгүй мэдлэг, чадвартай

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 116 мянган иргэд байдаг бөгөөд тэдний  19 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Улсын хэмжээнд халамжийн чиглэлээр  явуулдаг 40 орчим түр сургалтын байгууллага, 50 гаруй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Сонсголгүй хүн ямар ч ажлыг хийж чадна. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ж.Наранцэцэг нь сонсголын бэрхшээлтэй боловч 30 шахам жил хашаандаа ногоо тарьж хүний дайтай амьдарч байна. 150 мкв газарт тарьсан жимс ногоо нь түүнд жилдээ 10 сая төгрөгийн орлого авчирдаг ажээ. Энэ чиглэлээр зааж сургасан 2000 гаруй шавьтай гэдгээ ч тэрбээр бахархан өгүүлэв. Тус үзэсгэлэнд түүний хүнсний ногоогоор даршилсан 40 гаруй нэр,төрлийн бүтээгдэхүүн өрөөтэй байлаа. Үүнээс гадна хараагүй иргэдийн бариа заслын төвүүд ч байдаг. Тэд хараатай иргэдээс илүү барьдаг. Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэргэнцэртэй хүнийг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэдэг боловч оюун тархи, гарын үйл ажиллагаа нь хэвийн учраас ам хэлээр ярьдаг, оюуны хөдөлмөр эрхлэх, гараар хийдэг бүх зүйлийг хийх боломжтой. Тиймээс өөрт тохирсон ажлын байраа олчихвол тэд хэнээс  ч дутахгүй мэдлэг чадвартай гэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар онцлон хэлж байв.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хамгийн хэцүү нь нийгмийн хандлага байдаг

Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгийн хамгийн их буюу 1000 гаруй хүүхэдтэй нь Сонгинохайрхан дүүрэг. Мөн өдөр тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөл “Холидэй Ин” зочид буудлын хурлын танхимд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж бэрхшээл, асуудлаа хуваалцаж, зөвлөгөө, мэдээллээр хангаж, хүүхдүүдийнхээ боловсролыг хөгжүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэж, эцэг, эх, асран хамгаалагчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой бөгөөд хороо бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах нэг, нэг төлөөлөл томилж, 43 иргэнийг ажлын байртай болгох  талаар Засаг даргын орлогч Д.Ундармаа хэллээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гадуур аваад явахад зам харгуйгаас эхлээд маш хүндрэлтэй. Хамгийн хэцүү нь нийгмийн хандлага байдаг.  Ялангуяа залуу эцэг , эхчүүд энэ бэрхшээлийг давж чадахгүй гутарч, салж сарнидаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд элэг бүтэн амьдрал чухал

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд тулгамддаг гол асуудал нь ажлын байр юм. Улсаас асаргааны тэтгэмж сард 114 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амьжиргааг дэмжих 174 мянган төгрөг олгодог боловч хүүхдүүдэд нь эм тариа, амин дэм, живхнээс эхлээд асаргаа, мөнгө их шаарддаг учраас амьжиргаанд хүрэлцдэггүй талаар эцэг эхчүүд учирлаж байв. Тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Д.Нямжав “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гадуур аваад явахад зам харгуйгаас эхлээд маш хүндрэлтэй. Хамгийн хэцүү нь нийгмийн хандлага байдаг.  Ялангуяа залуу эцэг , эхчүүд энэ бэрхшээлийг давж чадахгүй гутарч, салж сарнидаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд элэг бүтэн амьдрал чухал” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үл анзаарагдах, гадуурхагдах зэргээс болж сэтгэл санааны гутралд орж амиа хорлох гэсэн оролдлого гаргаж байсан тухай зарим эцэг эхчүүд ярьж байв. Тиймээс тэдэнд нийгэмших, өөртөө итгэлтэй байхад нь туслах нь гэр бүл, багш нарын үүрэг. 350 мянган хүн амтай тус дүүрэг 27 сургууль, 52 цэцэрлэгтэй боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг байдаггүй. Ихэвчлэн хотын төв рүү хүүхдээ хүргэж өгөх, авдаг учраас бэрхшээлтэй байдаг талаар эцэг эхчүүд ярив. Ирэх жилийн төсөвт зориулалтын сургууль, цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа ажээ. БСШУС-ын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах хөтөлбөр хэрэгжүүлж буй боловч ердийн хүүхдийг 100 хувь хамруулж чадахгүй, ачаалалтай байдаг аж.

Сүүлийн жилд төрөлхийн саажилт,  тархины харвалт, аутизмын өвчин нэмэгдэх хандлагатай байна

Энэхүү зөвлөгөөнд хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв хамтран оролцов. Тус төв нь энэ жилийн зургаадугаар сард Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд улсдаа энэ чиглэлийн ганцхан төв юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах тус төв нь өдрийн эмчилгээнд 250 хүүхэд, хэвтэн эмчлүүлэх тасгаар 250 хүүхэд хүлээн авах чадвартай. Таван сарын хугацаанд нийтдээ 600 гаруй хүүхэд хүлээн авсан бөгөөд зургаан сараас 18 хүртэлх насны хүүхдийг харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй үйлчилдэг аж. Манай улсад нэн шаардлагатай байсан үйлчилгээ бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяа төрийн байгууллага болох энэхүү төв нь хүүхдэд хэл засал, хөдөлгөөн засал болон эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн заслын үйлчилгээ үзүүлдэг.

“Сүүлийн жилд төрөлхийн саажилт, тархины харвалт, аутизмын өвчин ихсэх хандлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их ачаалалтай, стресстэй байдаг. Тиймээс тэдэнд хүүхдээ асрах эмчилгээний болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх баг ажилладаг. Манай төв энэ ондоо багтаж хэвтэн эмчлүүлэх тасаг нь ашиглалтад орно” гэж тус төвийн дэд дарга Ц.Сарантуяа хэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top