Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын наадамд түрүүлэх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09


 

Монгол улсын хагас зуун жил хүлээсэн олимпийн алтан медалийг авъяас билэг, эр зориг, хөдөлмөр зүтгэлээрээ авчирсан Найдангийн Түвшинбаяр  олимпоос ирсэнээсээ хойш хэсэгтээ барилдаагүй. Олимпийн наадамд зодоглож байхдаа л өвдгөндөө бэртэл авсан нь сэдрээд хагалгаанд орсон ажээ. Учрыг нь мэдээгүй улсууд Түвшинбаяр оддын өвчин туслаа хэмээн янз бүрээр хэлж байсан ч дасгалжуулагчаасаа элдвийн зүйлд санаагаа бүү зовоо, зөвхөн 2011 оны дэлхийн аваргын тэмцээнд анхаарлаа хандуул гэсэн заавар авсан гэдэг. Харин энэ жилийн наадмаар олимпийн аварга маань барилдахаар болжээ.  Дасгалжуулагчаасаа  наадмын бэлтгэл хийлгүй зөвхөн жудогийн бэлтгэлээ хийж байгаад наадамдаа зодогло гэсэн тушаал аваад байгаа сурагтай. Энэ жилийн улсын наадамтай их олон ой давхцаж байгаа.  Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон түүхэн ойг Үндэсний баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэнэ. Наадамд барилдана гэхээс сэтгэл нь хөөрсөн тэрээр ангийн анд, салдаггүй найз Энхбатынхаа хамт наадмаар өмсөх зодог шуудагийнхаа захиалгыг өгчихсөн гүйж явж.  Арван жилийн сургуулиас Аварга дээд сургуульд хамтдаа ирж жудогийн багт хамт орж, одоо жин тус бүрдээ тэргүүний тамирчдын  нэг болцгоосон андууд Орхон голын хөвөөнд тоглож өссөн хоёр.  Их спортын хувьд Түвшээ Олимпийн алтан медальтай тул Энхбатыгаа дагуулахгүй, Үндэсний спортын хувьд Энхбат улсын начин тул найзынхаа дэргэд эрэмбэ дээгүүр нэгэн. Хамтдаа барилдаж өссөн нь тэднийг өнөөдөр сайн бөх болоход нь нөлөөлсөн гэдэг.  Түвшинбаяр  саяхан “Аса” циркт болсон бооцоот барилдаанд  түрүүлж хоёр сая төгрөгийн эзэн болсон. Өнөө жилийн наадамд олимпийн аваргыг улсын цолонд хүрнэ хэмээн хүлээсэн хүмүүс цөөнгүй гэнэ шүү.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top