Сэтгүүлч Н.ЭНХЦЭЦЭГ
Зургаан зууны туршид бүтээгдсэн гэх Дуомо Catherdral. Сүмийн эсрэг гудамжнаас барааг нь хараад л “Гайхамшигтай” хэмээн дуу алдах нь тэр. Ажил, аяллыг хослуулж явахын давуу тал энэ шүү дээ. “Бяцхан мисс” ОУХБ “Best kids model of the universe pageant” наадамд зургаан оролцогчийг ээжүүдтэй нь урьж авчирсан. Миний бие энэхүү тэмцээн хэрхэн болж өнгөрдгийг харах гэж хэрэгт дурлаж яваа юм л даа. Итали элчинд виз мэдүүлэхэд ажилтан “Та яагаад онгоцны зардлаа өөрөө төлж байгаа юм” гэж хоёр ч удаа гайхан асуухад нь “Итали шүү дээ” л гээд байлаа. Ээжүүд хүүхдүүдээ дагуулаад харь оронд авьяас чадварыг нь сорих гэж явахад би зардлын мөнгөний дарамт үүсгэж яах вэ дээ.
Төгсгөлийн шатны тэмцээний урд өдөр бүх орны оролцогч, ар гэрийнхнийг Милан хотыг тойрон аялуулав. Цагаан гантиг Дуомо сүмээрээ нэрлэгдсэн эл вант улсын эргэн тойрон гайхамшигт уран хийцтэй барилга, эртний нэрт зураачдын бүтээлүүдээр чимэглэгдсэн нь олны харааг эрхгүй булаадаг. Жуулчин бүр зорин ирэх энэ талбайд шүхэр барьсан хүмүүс зургаа авахуулж, сонгодог аязанд бүүвэйлэгдэн нэн таатай байдлыг мэдэрнэ. “Ээм ээм Милааноо” хэмээх Төгсгоо, Анужин, Маргад гурван бяцхан охины цовоо цолгиун дуун цуурайтна. Монгол охид нүүрэмгий юм. Ээжүүдийн сэтгэлдээ мэдэрч буй баяр баясгаланг турьхан гараараа зүрх сийлж, уяхан хоолойгоо тэнгэрт хадаан илэрхийлж буй мэт. Тэмцээн дууссаны дараа бусад орны хүмүүс яаран нисэх онгоцны буудал руу зүглэхэд монголчууд үлдэж, гурав хоног Милан хотоор тухтайяа аялцгаасан. Италийн хоёр дахь том хот, Ломбарди мужийн нийслэлд ирсэн хүмүүсийн хувьд эл гурван хоногийг нэмээд ч үзэж харах зүйл хангалтгүй буцсан юм. МЭӨ V зуунаас эхлэн маш олон эзлэн түрэмгийлэлд өртсөн тус хот өдгөө улсынхаа аялал, жуулчлалын орлогоор тэргүүлдэг. 1.9 сая хүн амтай.
Бид байрлаж буй Barselo зочид буудлаасаа өглөө бүр, орой буцахдаа, хоёр хуваагдаад Дуомо руу таксиддаг байв. Таксины нэг удаагийн явалт 20-30 евро. Зогссон цагаас тоолуур гүйдэг учир шалавлахгүй л бол евро урсана гэсэн үг. Такси үйлчилгээнд зургаан хүн багтдаг цагаан өнгийн приус машинууд явна. Уриалгахан зантай таксины жолооч “Манай хотод карт дүүрэн мөнгөтэй хүүхнүүд ирж дэлгүүр хэсдэг” хэмээн бахархангуй хэлсэн нь үнэн гэдгийг гурван өдөр хангалттай харсаан.
ШҮХЭР БАРИГЧ
Уянга тансаг Миланд ёстой л энэ дэлхийн өнцөг булангаас ирсэн хүмүүс хөлхөнө. Биес рүүгээ ёс юм шиг инээмсэглэж, “Граци” гэх талархлын үгийг харин ч нэг гамгүй хэрэглэнэ дээ. 100 гаруй жилийн настай “Ла Галерей” дэлгүүрт дэлхийн бүх л алдартай брэндүүд худалдаалагддаг. Хөгшин хотод шинэ жилийн уур амьсгал аль хэдийнэ орж, Louis Vuitton дэлгүүрийн чанх харалдаа Сваровски чимэглэл бүхий сүрлэг өндөр гацуурыг улсууд тойрон эргэлдэнэ. Чанх дээш харвал бөмбөгөр оройтой тайз тэргүүтэн нь сүмд яваа мэт, гантиг шал нь ихэмсэг агаад хүндлэл төрүүлэхүйц. Загварын өлгий гэх нэршил хотын иргэдийн донжтой хувцаслалттай эн тэнцэх аж. Ээжүүд, хүүхдүүдтэйгээ хамтдаа зургаа авахуулж, бичлэг хийх агшинд би тэрүүгээр холхих хүмүүсийн зургийг л анчин шиг алдахгүй дарах ажил хийдэг байв. Суурин болов уу гэмээр иргэд нь жигтэйхэн ганган, хувцсыг донж маягийг нь тааруулж өмссөнийг хараад хараад уйдамгүй.
Э.Энхрийлэн охин тагтаанууд дэрхийн нисэх чимээнээс жигтэйхэн айдаг юм байна. Түүнийг бархирахад ээж Оюунтунгалаг “Чи яагаад айгаад байгаа юм бэ” гээд тас тас хөхөрнө. Энэ тансаг хотод гуйлгачин бас байна аа. Хэн нэг нь “Пөөх, яасан үнэтэй нохойтой гуйлгачин бэ” гэх нь чих дэлсэв. Маргад охин багана түшээд суучихсан гуйлгачинг өрөвдөж, эхэр татан уйллаа. Авах чанар шүү. Маргадын ээж Хандаа “Манай энэ ийм өрөвчхөн юм аа” гэнгээ толгой сэгсэрнэ. Гэгээ тасрах алдад өнөөх гуйлгачин түрдэг чемоданд “багажаа” хийгээд, нохойгоо хөтлөөд хаа нэг тийш одож байна. Гэнэн томоогүй Төгсгоо сормуусаа дэрвийлгэчихээд гайхширна. Анужин хэзээний том хүн шиг хэвлүүхэн. Түүний ээж Цэвэлмаа охинтойгоо яг үеийнх аятай ярилцдаг юм билээ. Эрх танхи, миний л ажиснаар эдэн дундаа хамгийн авьяаслаг Биндэрьяа ээжээрээ харсан бүгдээ авахуулна. Гэрээсээ ганцаар энэ тэмцээнд оролцохоор ирсэн, охидоос олон насаар эгч Баярмаа бусдын аясаар чимээгүйхэн алхална. Ийнхүү худалдааны гудмаар хөндлөн гулд алхахдаа XVI зууны үед бүтээгдэж эхэлсэн гэх цагаан гантиг сүмийн дэргэд ирэх бүрт ихэд олзуурхан бахдан хардаг байв. Хуучны юм бүхэн яагаад ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм бол. 158.5 мерт урт, 92 метр өргөн, 108 метр өндөртэй энэ сүмд 40 мянган хүн багтдаг гэдэг.
Сүмийн гадна талбай бидний болзооны газар байв. Төдөн цагийн дараа яг энд уулзая гээд бутарна. Болзсон цагтаа ирж бусдыгаа хүлээхдээ мөн л эргэн тойрноо тухтайяа ажина. Тэр олон хүн дунд 50 орчим насны дэгжин эр халаасандаа гараа хийчихээд шаргуухан алхалж, хижээл насны эр толгой дээр нь шүхэр барьчихаад дагаж яваа харагдав. “Мөн ч хэцүү ажил аа. Хүний толгой дээр шүхэр бариад гүйж явдаг. Манайханд цүнх баригч гэдэг хэллэг байдаг бил үү” гэсэн шүү юм бодогдоно. Шүхэр зардаг, өнгийн утас зардаг ихэвчлэн хар арьстнууд үнэн тээртэй. Өнгийн утас нь аз жаргал, эд баялаг дууддаг л гэнэ. Хоргоогоод салахгүй. Тэд энэ талбайн “манаач” учир жуулчдыг андахгүй. Ирээд италид удсан хүмүүсээс сонсоход тэднээс худалдан авалт хийхгүй ч юм уу, таагүй харьцаа үүсгэвэл эд юмсыг нь хулгайлах зэргээр хорлодог гэнэлээ. Сүүлийн өдөр манай багийн ахлагч гадаад паспорт түүн дотроо хавчуулсан 600 еврогоо алдчихсан. Бид сонгож шилсээр хамгийн сүүлийн өдөр гутлуудаа л авна шүү гэчихсэн явсан юм. Бичиг баримт, мөнгө алдагдлаа гэнгүүт сандарч хогийн сав онгичиж гүйлдээд, Милан цагдаагийн газар гэх хуучны байшинд байрлах газарт мэдүүлэг өгч хэсэг саатан, улмаар нөгөөх маань Ром дахь Монголын консулаас цагаан хуудас авахаар охиноо дагуулаад хурдан галт тэргэнд суусан юм. Ром дахь Монголын консулын ажилтнууд тэндхийн цагаар шөнө болж байхад иргэнээ хүлээн авсан нь сайхаан. Гэхдээ л хоёр хүний онгоцны тасалбар яаралтайгаар захиалах зэргээр тэд маань тодорхой хохирол амссан. Хаа ч хүний газар эд юмсаа хямгадаж, сэтгэл санааны тэгш амгалангаа алдахгүй явахыг бидэнд ийнхүү анхааруулав. Юун гутал. Чадах чинээгээрээ тал талаас мөнгө нийлүүлээд ээж, охин хоёрыг Ром руу үдэж өглөө. Хүний сэтгэл гэгч зөрүүд эрхтэн юм. Дуомо гудманд буусан яг тэр анхны сэтгэгдэл, баяр жаргалаа, шүхрээ барьчихаад ахин эдэлмээр. Бас гутлаа худалдаж авмаар байна.
АВЬЯАС, ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛСЭН НЬ
Манай охид “Best kids model of the universe pageant” наадамд дөрөв хоногийн турш өрсөлдөхдөө бусад орны оролцогчдоос илт давуугаа мэдрүүлсэн юм. Хувцас загварын тухайд монгол дизайнеруудын ур хийц шингээн, уламжлал шинэчлэлээ хослуулсан бүтээлүүд багийн амжилтыг өндөрт өргөлөө. Арваад орны оролцогчдоос монгол үндэсний хувцсаар Б.Баярмаа “Best teen model Hational costume”, “Best teen model of Asia” хос шагналыг хүртэв. Н.Биндэрьяа Pre-teen ангиллын “Best kids model of Asia”, Ц.Анужин baby ангиллын “Best kids model of the universe”, Б.Маргад mini ангиллын “Best kids model international” шагналуудыг хүртэж титмийн эзэн боллоо. Э.Энхрийлэн Pre-teen ангиллын “Best kids model of the World” титмийн эзэн, хамгийн бяцхан А.Төгсгоо Baby ангиллын “Best kids model talent”, шилдгийн шилдэг Гран При гэсэн хос шагналыг хүртлээ.
“Бяцхан мисс” ОУХБ-ын захирал Э.Оюунтунгалаг эдгээр охидыг олон жилийн хугацаанд, шахуу хөтөлбөртэйгөөр бэлддэг тухай ярьж явсан юм. Тус байгууллагын дэргэдэхь “Охидын мисс” төвийн загвар өмсөгчид болох Э.Энхрийлэн, Н.Биндэрьяа нар загвар алхааг онцгой эзэмшсэнийг олон улсын шүүгчид хүлээн зөвшөөрч байв. Н.Биндэрьяагийн уран нугаралттай хосолсон, модерн бүжгийн үзүүлбэр үзэгчдийг байлдан дагуулсан. Н.Биндэрьяаг “Авьяас” ангилалд гарцаагүй түрүүлнэ гэж бодож байтал Энэтхэгийн охинд эл шагналыг шүүгчид өгсөн. Аль ч тэмцээнд аз, од гийх үе таарах, таарахгүйтэй байдаг тул харамсаад яалтай ч билээ. Ямартаа ч “Охидын мисс” төвд алсад тод оо гялалзах супер одод бэлтгэгдэж байна. Э.Энхрийлэнгийн хувьд “Сэльфи” хэмээх хүүхэд залуусын дунд өлхөөн хит болчих дууг саяхан дуулсан байдаг шүү.
Уг чанартаа гэр бүлийн хөгжил гэдэг нь энэ мэтээс эхэлдэг. Олон улсын тэмцээнд охидоо дагуулаад явж байдаг ээжүүдээр бахдахгүй байхын аргагүй. Энэ бүх гарцыг нээдэг “Бяцхан мисс” ОУХБ-д дэмжлэг хэрэгтэй нь илт. Манайхан халамжийн бодлогыг хавтгайруулдаг. Өнгөрсөн хугацаанд зургаан оронд зохион байгуулагдсан тэмцээнд улс орноо сурталчлан оролцож, бүгдээс нь хоосонгүй ирсэн хүүхэд багачуудаа дэмжин урамшуулмаар юм даа гэх бодол төрснийг нуух юун. Эцэст нь орон орноос ирсэн үндэсний захирлууд, эцэг эхчүүд энэ хэд хоногт сүрхий дотносдог юм билээ. Хүүхдүүд ч ялгаагүй. Тэврэлдээд, уйлалдана. Мальта улсын үндэсний захирал 100-аад орны хүүхдийг урьж оролцуулдаг тэмцээндээ манай багийг урьсан. Н.Биндэрьяаг “Бяцхан мисс” ОУХБ-ын захирал Э.Оюунтунгалаг зардлыг нь дааж оролцуулахаа мэдэгдэж байна лээ.
Сэтгэгдэл ( 4 )
Монголын үзэсгэлэнт чадварлаг охид. Ээжүүдээр бахархаж байна
saihan niitlel boljee bayrlalaa
Мундаг охидууддаа дахин баяр хүргэе. Бидний ирээдүй гэрэлтэй байна. Монгол улс бүх төрлөөр дэлхий дахиныг дагуулах өдөр тун удахгүй.\n
Chingis haan ajil aylaliig