Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Т.Дарханхөвсгөл нь “Манант хот” номоо хэвлүүллээ. Тэбээр номын баяраа энэ сарын 06-ны өдрийн 15 цагт “Метро-малл” их дэлгүүрийн гуравдугаар давхрын “Альфа” номын дэлгүүрт хийнэ. Алаг адуут овогт Тэрбишийн Дарханхөвсгөл өмнө нь “Сэтгэлээс цааш…”, “Исгэлэн модод” шүлгийн түүврээ уншигчдадаа өргөн барьсан бол богино өгүүллэгийн түүврээрээ та бүхний оюуныг мялааж байна. “Манант хот” залуу зохиолчийн сэтгэлд хэрхэн буусныг түүний үзэг нэгт андууд нь ийнхүү бичжээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан:
“Шинэ номд багтсан бичвэрүүдийнх нь санаа онооны шийдэл, дүрийн урлал, эргэлт-буцалт, бүтэц-агуулга гээд олон зүйлийн зохирсон байдлыг хэр ончтой харуулсан бол гэдэг бодол харин харьтал дотор цагаригласаар байлаа. Гэртээ очуутаа мөр мөрөөр нь нэгжиж эхэллээ дээ. Уншиж байх ахуйд нөхрөөрөө бахархах, бусдад онгиргон яримаар бодогдох зэрэг олон бодрол төрж байлаа. Нэг дор уншихад "ХАЙРАН" мэт санагдаад болдоггүй. Хуудсыг нь нугалаад ”маргааш” гээд хойш тавья гэхээр "дотор хүн" нэхээд болдоггүй. Нэг мэдэх нь ээ цангасан адуу ус залгилах шиг цаг хугацааг анзаараа нь үгүй нэгжжээ. Уншиж дуусаад хавтсыг хаах гэхэд ХАЙРАН, уншуулж ханаад хавтсаа дэрлэсэн "МАНАНТ ХОТ" надаас үг хүлээх мэт аниргүй. Тийм л сайхан байлаа даа”
Сэтгүүлч Д.Ганбаатар:
“Эх хэлний маань үгийн санд “Хутга морь хоёр жижигддэггүй” гэх энгийн гэмээр хэлц бий. Яг түүнтэй адил “Ном, зохиолч хоёр жижигдэхгүй” гэдгийг батлах гэсэн мэт түүний энэ удаагийн оролдлого буюу “Манант хот” нь хэмжээнээсээ хэт давсан агуулгатай болсон нь сайн хэрэг. Хэрэв тиймгүй сэн бол хүрээгээрээ ч тэр, хэлбэрээрээ ч тэр гүй ээ мөн хэцүү еэ. Хамгийн гол нь Т.Дарханхөвсгөлийн тун саяхан эцсийн бүтээгдэхүүн болгон авсан “Манант хот” жижигхэн түүвэр бол яахын аргагүй шинэ цаг үеийн өгүүллэгүүдээс бүрджээ. Зарим талаараа богино өгүүллэг хэрхэн өөрчлөгдөж байгааг нотолж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна”
“Том хөх шувуу”, “Харц”, “Савдаг” зэрэг хүний мөс, шударга байдал, ёс суртахуун зэрэг агуулгыг эрхэм болгосон, ахуйлаг байдлаас ч гэмээр юм уу урган гарсан “шидэт мэдрэмжүүд”-ийн тусламжтай, шинэ зууны өгүүллэгийн хэлбэр, хийц агуулагын хувьд “өөр” түүний бүтээл та бүхний гар дээр маргааш очих нь ээ. Уран бүтээлийн ааг, омог нь багтаж ядан байгаа тэрбээр “Миний анир” шүлгийн түүврээ хэвлүүлэхээр бэлтгэж байгаа гэдгийг дашрамд дуулгая.
Сэтгэгдэл ( 1 )
Erdenet ovoot