“Утгын чимэг - 2019” наадмын бүтээлийг энэ сарын 15 хүртэл авна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг - 2019” богино өгүүллэгийн наадмын бүтээлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоотод хүлээн авна. “Утгын чимэг - 2019” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлийг нэгдүгээр сарын 9-ний өдөр шалгаруулна гэж Зохиолчдын эвлэлээс мэдээллээ. 

Энэ жилийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон зохион байгуулах аж. 

Уран бүтээлчид тус наадамд өмнө нь аливаа уралдаанд өгч байгаагүй, олон нийтэд хүрээгүй, хэвлэн нийтлэгдээгүй нэг бүтээлээ өгөх аж. Тавигдах шаардлага  нь А4 форматаар, Arial Mon шрифтээр, үсгийн хэмжээ 11-ээр бичсэн, мөр хоорондын зай 1,5-аар шивсэн, гурван нүүрээс хэтрэхгүй байх.

Өнгөрөгч онд зохион байгуулагдсан уг наадамд яруу найрагч С.Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлсэн бол 2017 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв "Уул өвгөн хоёр" өгүүллэгээрээ тэргүүлж байсан билээ.

Тус наадмын тэргүүн хошой шагналт Д.Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. Тэрбээр 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. МЗЭ-д зохиолч, редактор, Монгол телевиз, Монголын үндэсний радиод редактораар ажиллаж байсан. “Болор толь”, “Зоригоо томоожиж байна”, “Эндүүрэгдсэн захидал”,  “Цайны сүү”, “Эрэмдэг зэрэмдэг”, “Халуун будаа”, “Дарханыг сурвалжилсан нь” зэрэг жүжгийн зохиол бичиж, орон нутгийн театруудаар тоглогдож байжээ. "Гандирсын хотын Хандармаа”, “Зуны тэргүүн сар”, “Тооройн төгөл”, “Жамухын өчил”, “Талд ургасан бодол”, “Цэнхэр Сэлэнгэ”, “Зүүдний бичээс” зэрэг ном хэвлүүлсэн билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top