УРИАЛГА: Үндэсний "Явуубаатар" комик номыг ШИНЭ ЖИЛЭЭР хүүхдүүддээ бэлэглье

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Ганган гацуур, өвлийн өвгөн, хүслийн бэлэг гээд гэгээлэг бүхнээр дүүрэн шинэ жил хаяанд ирлээ. Гацуур модныхоо дэргэд дотны хүмүүстээ, ялангуяа бяцхан үрсээ баярлуулах бэлгүүдээ бэлдэж эхэлсэн завгүй өдрүүд үргэлжилсээр байна уу? Бидний хайртай хүүхэд бэлэг задлах мөч юутай ч зүйрлэшгүй нандин байдаг бөгөөд өгсөн бэлэгнээсээ аз жаргалыг мэдэрч, цаашлаад бэлгээрээ дамжуулан нандин дурсамж, ой ухаанаа хүртэл тэлж байдаг.

Хүслийн Шинэ жилээр хайртай бяцхан үрсээ баярлуулах, басхүү оюун ухааныг нь тэлсэн дурсамжтай бэлгийг эрэн хайж байгаа эцэг эхчүүд, ах эгч нарт бид үндэсний "Язгуур" контент компаниас санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуубаатар” комик цуврал номыг санал болгож байна. 

Яагаад гэж үү? “Язгуур” үндэсний төсөл бол гэр бүлийн гишүүн бүрт зориулсан боловсрол олгох хөтөлбөр бөгөөд  үндэсний өв соёлоо бүрэн дүүрэн таниулах, өвлүүлж үлдээх эрхэм зорилготой юм.  Энэ л зорилгын хүрээнд “Язгуур” контентынхон олон ангит хүүхэлдэйн кино болон “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуу баатар” комик цуврал номыг Монголын мянга мянган бяцхан үрсэд зориулан бүтээдэг юм. 

Гадны соёлоос хуулбарласан, эсвэл бусад улсын хүүхэлдэйн баатрыг бус үндэсний баатраа хүүхдүүд маань үлгэрлэн дуурайх, үүгээр дамжуулан Монгол өв соёл, ёс заншлаа мэдэж авах боломжийг нээдэг “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуубаатар” комик номыг хүүхдүүддээ бэлэглэвэл үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт болох билээ. Дашрамд сонирхуулахад, "Явуубаатар" комикийг худалдан авсан хүүхэд бүр “Язгуур” сургалт хүмүүжлийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болох юм байна.


"ЯЗГУУР" ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
 

“Язгуур” үндэсний төсөл бол гэр бүлийн гишүүн бүрт зориулсан  боловсрол олгох хөтөлбөр юм. Монголчууд бидэнд эртнээс уламжлагдан ирсэн аман зохиолын баялаг сан бий.  Бид энэхүү баялаг сан хөмрөгөө уудалж, өдөр тутмын яриандаа нэвтрүүлэх гэж дор бүрнээ хичээж байгаа. Харин бяцхан хүүхдүүд маань харь хэл, харийн соёлын түрэмгийлэлд автаж үндэсний өв соёлоо бүрэн дүүрэн таньж мэдэлгүй өсөж байна. Тэгвэл “Язгуур” үндэсний төсөл энэ асуудлын гарц, вакцин болох төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн санаачлагч Г.Ганчулуун “Язгуур” төслийнхөө талаар "Энэ бол нийгмийн сайн сайхны төлөөх цогц үйл ажиллагаа юм. Үндэстэн бүхэн бусад улс, үндэстнээс ялгарах өвөрмөц онцлогтой. Бид дэлхийд гайхагдах нүүдэлчний соёл хэмээх үнэт өвийг тээж яваа ард түмэн шүү дээ. Олон зуун жилээр нүүдэллэн амьдарсан өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн соёл, ёс заншлын дундаас сурган хүмүүжүүлэх арга ухааныг онцлохгүй байхын аргагүй. Ардын аман зохиол нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, тэр дундаа эх оронч, байгальд ээлтэй, зөв монгол хүн болон төлөвшихөд хамгийн чухал арга хэрэгсэл байсаар ирсэн. Үлгэр домог, ерөөл магтаал, тууль нь төсөөлөн бодох чадварыг сайжруулж, хүлээцтэй буюу тэвчээртэй хүн болоход нөлөөлдөг. Харин оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, жороо үг зэрэг нь хүүхдийн оюун ухаан, хэл, сэтгэхүй, төсөөлөн харах чадвар, өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагаа зэргийн хөгжилд тусалдаг. Мөн аман зохиолын төрөл зүйл бүрт монгол хүний оюун ухаан, үнэт зүйл, соёл, сэтгэлгээний онцлог гүн шингэсэн байдаг. Ийм учраас монгол хүн бүр ардын аман зохиолоо бага наснаасаа судлах, үр хойчдоо танин мэдүүлэх, өвлүүлэн үлдээх нэн шаардлагатай байна. Бидний эхлүүлж буй “Язгуур” үндэсний төсөл бол цэвэр инноваци юм л даа. Бид хүүхдүүдийн үздэг, сонирхдог зүйлсээр дамжуулж л сургалт, хүмүүжлийн ажлыг хийх хэрэгтэй тийм цаг үед амьдарч байна шүү дээ. Хүүхдийн сонирхлыг өдөөдөг контент үйлдвэрлэх нь цаг үеийн зайлшгүй шаардлага болсон гэх үү дээ. Ямартаа ч “Язгуур” олон ангит хүүхэлдэйн кино, “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуу баатар” комик цуврал маань хүүхдүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 

ТАНИЛЦ, ХҮҮХДИЙН ХАМГААЛАГЧ САХИУС ЯВУУ БААТАР

Комикийн гол дүр болох Явуу баатар бол “Язгуур” олон ангит хүүхэлдэйн киноны нэгэн дүр бөгөөд цаашид олон олон адал явдлаар дүүрэн комик цувралаар уншигч хүүхдүүдтэй “уулзах” болно.

Явуу баатар нь Хөвсгөл нуурын ёроолд амь үрэгдсэн Далай ээжийн ганц хүү билээ. Сул дорой байдлаасаа болж ээжийгээ алдсан түүнд лусын дагина шидэт хүч бэлэглэжээ. Явуу баатар шидэт хүчээ ашиглан биеэ хамгаалж чадахгүй бяцхан хүүхдүүдийг хамгаалдаг гэнэ.

Хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч болгон төлөвшүүлэх зорилготой “Язгуур” үндэсний төслийг БСШУСЯ-ны Соёл, урлагийг хөгжүүлэх сан, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар болон “Эрхэт Монгол" медиа групп дэмжин ажиллаж байгаа юм.

 

ВИДЕО: "ЯВУУБААТАР" КОМИК НОМЫН ТАНИЛЦУУЛГА
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top