Оюутолгойн далд уурхайн хоёрдугаар БОСОО АМНЫ бүтээн байгуулалт дуусчээ

2019 оны 12 сарын 13

Оюутолгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууссан гэх мэдээллийг аравдугаар сарын 24-нд "Оюу толгой" компаниас өгч байсан. Тэгвэл гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан гэх мэдээллийг өнөөдөр өгч байна.

Гүний уурхайн хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулгын ажлууд энэ оны гуравдугаар улиралд багтан дуусаад байсан.

Тодотгоход, газрын гүнд буй хүдрийг шууд хүнд даацын машинаар газрын гадаргад гаргахад эдийн засгийн ач холбогдолгүй нөхцөлд БОСОО АМ байгуулдаг. Босоо ам нь газрын гүнд буй ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг барих,гүний уурхайг газрын гадаргатай холбож өгч буй “гүүр” гэж мэргэжлийн тодорхойлдог.

Оюутолгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэн орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс гүний уурхайг барьж байгуулж байж гол нөөцдөө хүрэх ёстой.

Харин Оюутолгой компанийн мэдээллээр “Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх бөгөөд бид гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлэх болно” гэсэн юм.

Дашрамд сануулахад, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top