“Хөмөргөн гурвалжин”-г дэлхийн үзэгчдэд толилууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд дэлхийн үзэгчдэд хүрснийг дуулгахад таатай байна. Тодруулбал, Монголчууд бүжгэн жүжгээ ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр дэлхийн 193 орны 1000 гаруй зочид төлөөлөгчдийн халуун алга ташилтын доор маш амжилттай толилуулжээ.

“Хөмөргөн гурвалжин” нь 2015 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг.  “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын хартай бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийж, Б.Нандин-Эрдэнэ нар медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүрийг бүтээсэн бүжгэн жүжиг юм.

Энэ бол харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж, тэр цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөөнөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосноо бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top