Хуулийн байгууллагаас "Мотив" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярыг хар тамхины хэрэгт холбогдуулан цагдан хорилоо. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, өчигдөр /2019.12.17/ прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг.
Гэтэл яллагдагч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа шүүхээс оргон зайлсан тул прокурор дээрх нөхцөл байдлаас шалтгаалж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасны дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбаярт 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Б.Эрдэнэбаярыг өнөөдөр /2019.12.18/ олж тогтоон саатуулж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагчид нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )