Ц.Сандуй, А.Ганбаатар нар ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хуралд цахимаар оролцоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлах хуультай бөгөөд шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 24-ний өдөр товложээ. Харин ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүх хуралдаа цахимаар оролцох аж. 

Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцсон бол даргалагч шүүгчээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ажилласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top