2019 оны ТРЭНД | Урам хайрлаж, итгэл төрүүлэх гэрэл зургууд

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Он солигдох цаг хаяанд иржээ. Эгэл жирийн хүмүүст магадгүй бусдаас илүү хүч байдаг гэвэл уншигч та итгэх үү? Энэ бол хүн хүнээ гэх сэтгэл юм. Урам хайрлан итгэл төрүүлж, сэтгэлд гал нэмэх гайхалтай гэрэл зургуудыг та бүхэнд хүргэе. 

 

Монгол Улс. Улаанбаатар хот. Сүхбаатарын талбай. “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байгаад амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд суулт зарлан тэмцэж буй Б.Болороо. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотой дахин хийлгэхийг шаардсан суултын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзан үнэн зөвөөр шийдвэрлэхийг холбогдох удирдлагуудад өгсөн юм.

Нийгмийн тэгш байдлын төлөөх түүний тэмцлийг Европын холбооноос үнэлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч” өргөмжлөл олгосон билээ.


Катарын нийслэл Доха хот. Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн. Халифагийн олон улсын цэнгэлдэх. Эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд оролцсон тамирчин өрсөлдөгчдөө тусалж байна. Гвиней-Биссау улсын гүйгч Брайма Сункар Дабо өрсөлдөгч Аруба арлын Жонатан Басбигийн шөрмөс татахад түшиж, хамт барианд оров. Тэмцээн дууссаны дараа түүнд “Цэвэр өрсөлдөөний шагнал” өгсөн билээ.


Австрали улс. Порт Магуэр хот. Үндэсний уутат баавгайн эмнэлэг. Австралийн түймрээс аварсан “Пол” нэрт уутат баавгай, сэргээн засах эмчилгээний дараа. Порт Магуэрийн уутат баавгайн эмнэлэгийн ажилтнууд сайн дураараа коала аврах ажиллагааг зохион байгуулжээ. Сайн дурын ажиллагааг Үндэсний байгаль хамгаалах сан, Дархан цаазат газруудын холбоо дэмжиж ажилласан байна.


Бангладеш улс. “Bazar” дүрвэгсдийн лагерь. Рохинжа үндэстнүүд “Эйл аль Адха” шашны баяраа тэмдэглэж байна. Мьянмарт рохинжа үндэстний цөөнхийн эсрэг эрх баригчдын ажиллагаанаас дүрвэсэн иргэд Бангладешийн дүрвэгсдийн лагерьд аж төрдөг юм.


Франц улс. Парис хот. Цастай өдөр Эйфелийн цамхгийн өмнө дурлалт хос.


Австрали улс. Килкиван хотын дунд сургууль. Ослын улмаас зүүн гараа алдсан Хэйли Врайт йога дасгалын хичээлийн үеэр. Килкиван хотын иргэн сайн дурын хоёр ажилтан түүнд тусалж 3D хэвлэгчээр хиймэл гар хийж өгчээ. Сайн дурын хоёр ажилтан үсчний газар ажиллуулдаг бөгөөд цугларсан хог хаягдлаар ийнхүү хиймэл гар хийсэн байна.


Мексик улс. Сиудад Хуарез хот. АНУ-тай хиллэх хил дагуу татсан хилийн хананы хоёр талд тоглож буй цагаачид. Америкийн сайн дурын ажилтнууд цагаачдад итгэл найдвар бэлэглэх үүднээс зориуд хилийн шугам давсан дүүжин даажин зохион бүтээжээ.


Өмнөд Солонгос. Йонгин хот дахь соёл амралтын хүрээлэн. Йонгин хотод байрлах сүмийн ламхай нар.


АНУ. Вашингтон хот. Урд хоёр хөлөө алдсан нохойд дугуйт түшлэг өгч буй сайн дурын ажилтан. Калифорни мужийн “Кора Рөүз” хорих ангийнхны хийсэн дугуйт түшлэгийг ийнхүү сайн дурын ажилтнууд хандивласан байна.


АНУ. Нью-Йорк хот. Лонг Айлэнд дэх нисэх хүчний баазаас Дурсгалын өдөрт зориулсан нисэх хүчний үзүүлбэр үзүүлэх гэж буй алба хаагч.


Австрийн Вена хот. Цэцгийн охь үнэрлэж буй бяцхан зурам.


Задгай сансар. Олон улсын сансрын станц. Задгай сансарт ажилласан сансрын нисэгч эмэгтэй Жессика Майер мэндчилж байна. АНУ-ын сансрын нисэгч Жессика Майер болон Кристина Кох нар задгай сансарт ажилласан анхны эмэгтэй сансрын нисэгчид болсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top