ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Түүхэн замнал"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, БНХАУ-ын Синьхуа агентлагийн “Түүхэн замнал” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр /2019.12.24/ Монголын уран зургийн галерейд боллоо.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал 70 ажлын отгон нь болох энэхүү үзэсгэлэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн хөгжлийг харуулсан Монцамэ агентлаг 70, БНХАУ-ын Синьхуа агентлаг 70 гэрэл зураг буюу нийт 140 гэрэл зургийг олны хүртээл болгож буй юм.

Үзэсгэлэнг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээв. Тэрбээр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлыг сурталчлах чиглэлээр олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан тухай дурдаад, хоёр орны гэрэл зурагчдын хамтарсан аялал зохион байгуулах зэрэг соёлын арга хэмжээг БСШУСЯ-наас дэмжихээ илэрхийлж, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монцамэ болон Синьхуа мэдээллийн агентлаг анх 1958 онд мэдээ солилцох тухай хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд найраг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд 2018 онд Хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан. Уг хэлэлцээрээр мэдээ мэдээлэл, гэрэл зургуудыг харилцан солилцох, хоёр улсын чухал тэмдэглэлт баяр ёслол, томоохон үйл явдлын үеэр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар тогтсон юм.

“Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top