Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор Төрийн соёрхол хүртээж байна.
“Харанга” хамтлаг 30 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, уралгийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, соёлын тэргүүний ажилтан Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.
Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” - Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла...” тоглолтыг тус тус хийж байв.
Тус хамтлагийн хамгийн анхны тоглолтыг дэмжиж, ивээн тэтгэж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр хэлэхдээ “Би бол “Харанга” хамтлагийн найз нөхөд гэхээсээ илүү хэдэн мянган фенийх нь нэг юм. Анхны бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ 30 жил туурвиж яваа хамтлаг Монголд байтугай дэлхийд ховор шүү. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, видео клипийг “Харанга” хамтлаг гаргаж байлаа. Амьд домог болсон энэ хамтлагийн дууны хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанар нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Харангын фенүүдийн дунд Харанга бол Монголын Битллз юм байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь Өө, үгүй дээ Битллз бол Английн Харанга байхгүй юу гэсэн яриа байдаг" гэж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Дуучин бөх 2 т шагнал өгдөгөө болио. Хар тамхичид
харангын нэр хүнд монголд ямар байгаа гэдгийг ойлголоо
arai l um daa.