ОНЦГОЙ ТОГЛОЛТ: С.Саянцэцэг суут Бетховенд зориулан тоглоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Суут хөгжмийн зохиолч  Людвиг ван Бетховений мэндэлсний 250 жилийн ойг энэ 2020 онд дэлхий даяараа тэмдэглэх билээ. Людвиг ван Бетховен 1770 оны 12 сарын 16-нд Германы Бонн хотноо мэндэлсэн байдаг.

Тэгвэл төгөлдөрч хуурч Сангидоржийн Саянцэцэг суут Бетховенд зориулсан тоглолтоо өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хийх гэж байна.

Энэ тоглолтыг угтан төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн дүү хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нэгэн дурсамжийг хуваалцжээ. Түүнийг өгүүлснийг эшлэе.

“2007 оны намар Нью-Йорк хотын алдарт Карнегийн танхимын зарын самбарт анх удаа Монгол хөгжимчний Сангидоржийн Саянцэцэг гэх нэр зурагтайгаа хэвлэгдэн тавигдсан түүхтэй.

Энэ тоглолтод эгч маань маш хүнд хүчирхэг бүтээлүүдийг багтааж 2 цагийн туршид завсарлагагүй гоцлон тоглож дуусгасан билээ.

Эхнээс нь дуустал сонсохдоо захаа мушгин, суллан сонсож сүүлийн аккордыг тоглож дуусгахад "Бравоо!" гэх танхим нүргээх алга ташилтад сая л нэг бүтэн амьсгаа авч баярын нулимс цийлэгнэж эгчийнхээ хүнд хөдөлмөрт бишрэн сууж байлаа.

Энэ тоглолт нь маш хүнд бөгөөд онцгой их амжилттай болсон нь амьд бичлэг дээр үлдсэнээс гадна, Нью-Йорк хотын "Концерт Ревью" сэтгүүлд "Сангидоржийн Саянцэцэг нь Оросын алдарт Хорровицийг санагдуулам тоглолоо" гэж харьцуулан бичиж үлдээсэн байдаг.

2020 оны 1 сарын 4-нд эгч маань шинэ оны эхний нар гэдэг шиг, энэ оны эхний тоглолтоо УДБЭТ-т хийх тул та бүхэн морилон саатаж, алжаа юугаа тайлан сонгодог хөгжмөөр бие сэтгэлээ амраагаарай гэж урьж байна аа” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top