"Болор цом"-ын хундаганд "Жамын цас" будрав

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Гүн Галуутайн нутгаар

Гүймэн гүймэн будантай

Гүйгээд очихын цагт

Гүн хүндэтгэлт түмэнтэй

Нацагдоржийн нутгаар

Намс намс салхитай

Наадамлаад буцахын цагт

Найраг, дууны уянгатай

Эгшиглэнт эх Янжинлхам бурхны ивээл хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом- 37” яруу найргийн наадам энэ сарын 4-ний өдөр Багануур дүүрэг үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойг  тохиолдуулж Багануур хотноо болж өндөрлөлөө. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн Гүн Галуутайн нутагт болсон тус  наадамд шилдэг шүлгээрээ шалгарсан 30 яруу найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан юм.

Зохиолчдын хорооны үүднээс эвлэлийн удирдлагууд болон шалгарсан найрагчдаар дүүрэн  автобус ургах наран зүг зорилоо.  Үүрч хаяарч буй хотын үзэмж, идэр есийн жавар тачигнасан өглөөний дүнсгэр байдлыг хага яран халуун сэтгэлт халгисан найрагчидтай хөсөг зогсолтгүй буухиалсаар болзоот газраа хүрэлцэн ирэв. “Багануур хот” гэсэн бичигтэй угтах хаалганы өмнө аяга дүүрэн ааруул цагаа барьсан бүсгүйчүүдтэй  тус дүүргийн Засаг даргын орлогч  болон ажлын албаны дарга нар зочдыг хүлээн авч дурсгалын зураг татуулав. Өглөөний нар улам ч тод гялбах, өвлийн цас улам ч тод гялтаганах шиг Гүн галуутайн нутаг гүн хүндэтгэлтэйгээр биднийг тосон авлаа. Дүүргийн ресторанд зочдыг халуун цай, хоолоор дайлсны дараа төв талбай руу олны хөл цувах нь тэр.

Дэгжин шаавай бүрх малгайтай,  дан тэрлэгтэй их зохиолч хаш чулуун гаансаар тамхилангаа алсыг ширтэн суугаа хүрэл баримал хөшөө Багануур дүүргийн төв талбайд сүндэрлэнэ. Үлээвэр найрал хөгжимчид сүрт дуугаа эгшиглүүлж наадмыг зорин ирсэн хүндэт зочид их зохиолчийн гэгээн хөшөөнд цэцэг өргөх ёслол үйлдэв. Ёслолд өмнөх өдөр нь “Уран үгсийн чуулган”-д оролцсон Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Б.Догмид, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах Зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав,  Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Хүрэлбаатар, Болор цомын эзэн яруу найрагч Б.Галсансүх, Монголын зохиолчдын эвлэлийн Яруу найргийн үндэсний зөвлөлийн дарга Ж.Баяржаргал, Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Ш.Лхамноржмаа  тэргүүтэй зочдоос гадна Болор цомд оролцохоор ирсэн найрагчид, нутгийн ард түмэн хүндэтгэл үзүүлэв.

 

Жил бүр яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулдаг ”Болор цом-37” тэргүүн наадмыг шимтэн үзэхээр Багануур дүүргийн Соёлын ордон дүүрэн үзэгч цугласан байлаа. Тус дүүргийн авьяаслаг сурагчдын бүжиг, дууны мэндчилгээгээр ийнхүү наадам өргөн үүдээ дэлгэлээ. Наадмыг өмнөх жилийн тэргүүн найрагч уянга шүлгээ өргөж нээдэг уламжлалаар Б.Баттулга найрагч шүлгээ дуудав. Наадмын ерөнхий шүүгчээр Болор цомын эзэн, Ж.Баяржаргал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б.Баярсайхан, Доктор Д.Ганболд,  "Болор цомын эзэн" яруу найрагч Н.Гантулга, утга зохиол судлаач, доктор П.Батхуяг нар ажилласан бол Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Батжаргал, МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, Утга зохиолын төлөө шагналт Б.Гантигмаа нар хөтлөн явууллаа.

Багануурт дүүрэг зохион байгуулсан наадмын хоёрдугаар даваанд Болор цомын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, Б.Энхжаргал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Алтан өд наадмын шагналт яруу найрагч М.Амархүү, Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Гантулга, Б.Жамбалдорж, Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, Өвөрмонголын яруу найрагч Н.Заяат, залуу яруу найрагч Т.Бямбасүрэн нар шигшигдэж үлдсэн юм . Шигшигдэж үлдсэн арван яруу найрагчаас авьяас билэг, үгийн ур, утгын шаглаагаараа цолгорч яруу найрагч Б.Энхжаргал, Т.Баянсан, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Жамбалдорж нар тунаж үлдлээ. Энэ агшин бол найрагчдын хамгийн торгон атлаа шаналант, тарчлант мөч билээ. Хэний шүлэг хурдалж, хэний хүү өнгөлөх бол хэмээн хүн бүхэн дор бүрнээ таамаг дэвшүүлж, өөрийнхөө таашаалд нийцсэн уран бүтээлчийг таамаглан дэвшүүлж, зарим нь мөрийцөх нь энүүхэнд. Хөшигний цаана эцсийн дүнг хүлээн дэгэлзэж, донсолсон найрагчид нааш цааш холхиж, гарч орон дэнсэлнэ. В.Нэргүй найрагч алиа хошин зүйл ярьж бусдыгаа хөгжөөн хэг хэг инээж суух,  С.Ууганбаяр найрагч урт дээрээ урт дээл өмсчихсөн урт хүн л оночтой богинохон үгээр нэгийгээ дөгөөн явуулах, О.Цэнд-Аюуш найрагч шүлэг дээрээ урамддаг буга шигээ л сүрлэг амьтан алсыг харан толгой дээгүүр бодлогошрон зогсох, Б.Жамбалдорж найрагч үеийнхнийгээ тойруулчихсан хүүхэд шиг хөгжилдөх хэр нь басхүү бяцхан айдастай ч юм шиг сэмхэн санаа алдах, сахал хэмээх хочит Э.Гантулга найрагч шил дээрээ ширж томсон гэзгээ арагш хаялж, шаргал сахлаа имэрч зогсох, А.Лхагва найрагч шавилхан биедээ нуруугаа үүрчихсэн шал нуржигнуулан алхаж үзэгдэх. Ийм л догдлонгуй, донсолсон үе найрагчдын гэгээн зовлон билээ л.

 

Ийнхүү шүүгчдийн дүнг зарлах мөч ирлээ. Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсан бол гутгаар байрт Т.Баянсан, дэд байрт Б.Энхжаргал, тэргүүн байрт Б.Жамбалдорж шалгарлаа. Үзэгч олон уухайлан алга ташиж, эгшиглэнт Янжинлхамын гэгээн хөрөг дүр, Болор цом Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Жамбалдоржийнх боллоо. Ардын уран зохиолч Т.Галсан “Болор цом наадмыг мэргэн тунгалаг тунгааж шүүсэн шүүгч нартаа гялайлаа. Ертөнцийн жамыг ердийн цастай холбож, гүн утга руу яргасан тэрхүү уран өгүүлэмжийг нь үнэллээ.  Энэ наадамд битүү соёолон түрүүллээ.  Соёолонгийн хөлснөөс хүртэх лугаа адил цомынхоо эзний болор хундаганаас Гүн Галуутайн нутгийнхан хишиг хүртэв.  Эгшиглэнт Янжинлхам бурхны ивээл дор хуран чуулсан зон олон даяараа энхжин амгалан байх болтугай” гэж эрдэнэ мэт үгээ зөөж, эвэр мэт сахлаа илбэн өгүүлэв. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Гүн галуутайн нэрэмжит цомыг Болор цомын эзэнд өргөн барив. Тэрхүү цом нь бүрх малгайтай, дан дээлтэй их зохиолч Д.Нацагдоржийн үүлэн дээр заларч буй эрхэмсэг төрхтэй хөрөг баримал байлаа.

В.Нэргүй “Болор цом” яруу найргийн наадам сайхан болж байна. Миний хувьд энэхүү наадамд ес дэх жилдээ орж байна. Иртэй, бяртай, уянгатай залуу сайхан яруу найрагчид түрэн гарч байгаад баяртай байна. Яруу найрагчдын утга уянга, өнгө төрх мяралзсан нуурын мандал шиг нэгэн хэмнэлтэй тунгалагхан байна. Их зохиолч Д.Нацагдоржийн нутагт болж буйгаараа сэтгэл тун өег байна” гэж намуухан өгүүлэв. Өнгөрөгч жилд 75 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн “Цог” сэтгүүлийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Т.Бямбасүрэнг шагнасан бол Эх оронч яруу найрагчийн шагналыг Болор цом- 35 наадмын эзэн М.Отгонбаярт “Иргэдийн шударга шүүх” ТББ -аас мөнгөн шагналын хамт төрийн далбаатай гардуулсан юм. Шилдэг эмэгтэй яруу найрагчаар Завхан аймгаас зорин ирсэн Б.Баяржавхланг шагнасан бол Багануур дүүргийн нэрэмжит шагналаар М.Амархүү, Б.Чулуунцэцэг болон Багануур дүүргийн яруу найрагч Ю.Баян-Очир нарыг шагнав. Шагналыг тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Даваасүрэн,  Засаг дарга Ц.Сандаг-Очир нар гардуулав.

 

Ерөнхий шүүгч Ж.Баяржаргал “Монголын яруу найргийн ертөнцөд өртөөлөн түүчээлэх цоо шинэ үеийнхэн дуугаа хадаан орж ирж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд ямар нэгэн маргаан гарсангүй. Шууд өгсөн оноог нь нэгтгээд гаргалаа. Хамтдаа мэргэн шүүлцсэн үзэгч түмэндээ баярлалаа. Багануурчууд маш сайхан өндөр соёлтой, яруу  найрагт дуртай, яруу найрагчдаа дээдэлдэг ард түмэн юм. Манай яруу найрагчид ч маш сайхан биеэ авч явдаг болж. Нэг ч халамцуу, гөлөмцүү, хааш яаш  хүн харагдсангүй. Энэ бол  яруу найргаа, ард түмнээ хүндэтгэж буй гүн хүндэтгэл юм шүү” гэлээ. Хутагтын өлгий Отгонтэнгэр хайрхны хормойноос галигуулан ирсэн уяхан дуутай, туяхан биетэй бүсгүй найрагч бол Б.Баяржавхлан. Мянган бээрийг туулан, түмэн уулыг даван ирж, ээжийн тухай шүлгээрээ эхний давааг чимсэн найрагч бүсгүйн сэтгэгдлийг сонслоо. “Гүн галуутайн Болор цом миний амьдралд гүн тод дурсамж, дурдатгалыг үлдээж байна. Анх удаа энэхүү хүндэт тайзан дээр шүлгээ дуудаж үзлээ. Үе үеийн өнгө тунамал олон сайхан алдар цуутай яруу найрагчид Болор цомын тайзнаас төрөн гарсан. Энэ удаагийн наадамд бүх үеийн төлөөлөл болсон яруу найрагчид оролцсоноороо онцлог байна. Бидний үеийн залуу найрагч Янжинлхамын таалалд нийцсэнд баяртай байна. Хоёрын даваанд Г.Лхагвадорж,  Ч.Эрдэнэбаатар, А.Сүглэгмаа нарыгаа үлдэх болов уу гэж өөрийн зүгээс дэмжиж таашааж, дээлийнх нь захыг мушгиж суулаа” гэж хэлээд алс хол нутгаадаа зорихоор яаран яаран гунхаж одовой.

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэмээх өрнүүн яриатай, өөдрөг зорилготой эрхэм “Их зохиолчийн төрсөн нутагт анх удаа Болор цом яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Дүүрэг, орон нутгийг найман жил удирдсаны хувьд энэ наадмыг нутагтаа зохион байгуулах юм сан гэж олон жил бодож явлаа. Өнөөдөр энэ хүсэл минь биеллээ олж, Ардын уран зохиолчдыг, Төрийн соёрхолтуудыг, Болор цомын эздийг, цахиур хагалж буй залуу яруу найрагчдыг нутгийнхаа тэнгэр дор хуран чуулуулж Багануурчуудынхаа оюун сэтгэлийг хоёр өдөр найраг уянгаар мялааж, зүрх сэтгэлийг эгшиг шүлгээр хөглөсөндөө туйлын их баяртай байна. Сэтгэлийн цэнгэл эдэлж, оюуны таашаал хүртэж цангаагаа тайлсан түмэн минь үнэхээр сэтгэл хангалуун байна. Ард түмэн маань ийм сайхан гэгээн гэрэл дор хуран чуулахыг хүсэн хүлээж, найраг уянгаар ангаж цангаж байж. Өргөө соёлын ордонд маань хүмүүс багтахгүй дүүрлээ. Зарим нь зогсоогоороо бүтэн дөрвөн цаг үзлээ, зарим нь сэтгэл нь хөөрөөд тайзан дээр гарч шүлгээ дуудлаа. Таван үеийн яруу найрагч нутагт маань ирж наадмыг маань чимлээ. Манай Багануурчууд энэ жилдээ ярих яриатай, амтлах дурсамжтай үлдлээ. Зохиолчдын эвлэлийн хороонд олон аймгаас манай аймагт Болор цом наадмаа хийгээч ээ гэсэн санал ирүүлдэг юм байна. Бид бүхний саналыг хүлээн авсан Зохиолчдын эвлэлийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Яруу найрагчдын яруу алдар бадартугай” гэж сэтгэл догдлон өгүүлэв. Дүүрэг үүсгэн байгуулагдсаны 40 жилийнхээ ойгоо олон бүтээлч ажлаар угтаж, оюуны гэгээтэй үйлсээр эхэлж байгаадаа тэрбээр тун бэлгэшээж байв. 2020 онд дүүрэгтээ 20 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөөд буй бөгөөд Багануурчуудын ажиллаж, амьдрах орчин нөхцөл дээшилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах ажлуудыг зохион байгуулахаа ч илэрхийлэв.

 

Дөрвөн цаг найраг шүлгээр ундаалсан нутгийн эгэл иргэн, сургуулийн багш эмэгтэй “Энэ олон бичгийн мэргэдийг зурагтаар л хардаг байлаа. Цагаан сараар л хүсэн хүлээн үздэг байлаа. Үлгэр домог шиг сургийг нь сонсож бишрэн хүндэтгэдэг байлаа. Шүлэг, зохиолынх нь номыг л шимтэн уншиж мөрөөдлөө тэлдэг байлаа. Багаасаа шүлэг найрагт дуртай хүүхэд байсан болохоор жил, жилийн Болор цомыг тэсэн ядан хүлээдэг. Энэ жил нутагт маань болж байгаад тун баяртай байна. Дээрхийн бурхад дэргэд чуулах шиг дэргэдийн амьдрал домогт хувилах шиг сонор баясаж, сэтгэл бадрав” хэмээн баясан өгүүлэв. Наадам өндөрлөж гадаа харуй бүрий нөмөрчээ. Нутгийн удирдлагууд ресторанд зохиолч, найрагчдыг хүндэтгэлийн хүлээн авалтад урив.  Хүлээн авалтын үеэр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц “Өнгөрөгч жилийн Болор цомын эзэн Б.Баттулгад Завхан аймгийн нутгийн зөвлөлийн халуун дулаан сэтгэлтэй ард түмэн хоёр өрөө байраар цомыг нь мялаасан. Энэ жилийн цомын эзэн Б.Жамбалдорж ихэр охидтой, гурван сайхан үртэй эцэг хүн. Бид залуу гэр бүл,  залуу уран бүтээлчээ байгууллагын зүгээс дэмжинэ. Ховд нутгийн зөвлөл ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Б.Жамбалдорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд унаган монгол хэлний яруу тансгаас эрдэнийн сувд мэт хэлхэж, утга төгөлдөр монгол ахуйг зураглан бичдэг монгол шүлэгтэй монгол найрагч билээ. Тэрбээр 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлсэн бол шинэ оны эхний өдөр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” яруу найргийн номоо өлгийдөн авсан билээ. Яруу найрагч Б.Жамбалдорж "Цаг хугацаа өнгөрөх тусам бичиж буй зүйлийнхээ төлөө илүү өвдөх болж байна. Анх зүгээр л сонирхлоороо бичиж, зоригдолгүй эхэлсэн бол сонирхогчийн хэмжээнээс арай өөр хэцүү зүйл гэдгийг мэдэрсэн, цаашдаа хэрхэхийг нарийн ажиглуулсан ном боллоо. Нэгэн цаг үеийн ах дүү нар утга зохиолын хүрээнийхэн та бүхэнтэй өнгө будаггүй нөхөрлөж өдий хүрлээ. Хэнд ч таалагдах гэж бичсэнгүй, сум суурин, хөдөө ахуй, бага нас бас ижийгээ үгүйлж бичсэн шүлгүүдээр энэхүү номоо бүтээв" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн нь саяхан билээ. Үнэхээр л цаст уулын цадигт найрагч жам болоод цасны тухай өөрийн ертөнцдөө ийнхүү эргэлдүүлэн будруулж, эргэцүүлэн тунхагласан юм.

 

"Болор цом-37" наадмын тэргүүн шүлэг

 

ЖАМЫН ЦАС 

 

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа

****

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэгч(202.9.40.157) 2020 оны 01 сарын 11

Баярсайхан, Гантулга мэтийн сонин, радиогийн сонирхлын зөрчилтэй жам ёсны бус хүмүүсээр шүүгч хийлгэхээ болиоч. Ямар шүүгч мундсан биш. Тэгээд л сонин, радиогийнхан ээлжилж Болор цом авч байдаг. Болор цом шалгаруулалтыг арай өөр дүрмээр яьуулмаар байхын. Батхуяг одоо эд нартаа уусчихсан юм байхдаа. Уг нь арай өөр хүн мэт санагддаг.

1  |  0
Оюунцэцэг(202.179.31.100) 2020 оны 01 сарын 11

БОЛОР ЦОМ- ын тэмцээн үнэхээр яруу тод болжээ. Би жирийн нэг эмэгтэй, гэвч яруу найраг, уран зураг , дуу хөгжим үзэж сонсонгууд мэлмий бүрхээд үнэхээр сэтгэл хөөрдөг. Манай Монголчууд их мэдрэмжтэй хүмүүс тул бүгд л сэтгэд нь догдолдог байх гэж боддог. Нүдээр үзээгүй ч уншиж болсон үйл явдалтай танилцсан чинь яг л тэнд байсан юм шиг сэтгэл төрлөө. Яруу найрагч нартаа шинээр төрсөн Болор цомын эзэндээ аз жаргал ерөөж, улам олон яруу найргийн ном гаргаж иргэд биднийгээ баярлуулаарай гэж ерөөе.

3  |  1
Top