И.Сайнбаян: Урсгал ус шиг байнгын хөдөлгөөн, хувьсал ертөнцийг шинэчилж байдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Залуу хүнийг завгүй ажил, хүсэл мөрөөдөл нь чимдэг. Олимп хотхонд байрлах “Жорой хулан” арт галерейд арьсан урлагийн “Ертөнц” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, арьсан урлалын үйлдвэрт дизайнераар ажиллаж буй хөдөлмөрч, залуу уран бүтээлч И.Сайнбаян гэдэг сэргэлэн, дайчин бүсгүйтэй ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Би багаасаа зурах дуртай хүүхэд байсан. Ээж, аав минь миний сонирхлыг дэмжиж, өөрийнхөө дуртай зүйлээр сурвал амжилтад хүрнэ гэдэг байсан. Дүрслэх урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай 86 дугаар сургууль төгсөж, “Урлах Эрдэм” дээд сургуулийн Гутал арьсан эдлэлийн дизайны мэргэжлээр суралцаад 2014 төгссөн. Төгссөнөөсөө хойш “Бэсүд” брэндийн үйлдвэрт дизайнераар ажиллаж байна. Манай компани арьс, ширээр хийж болох бүхий л зүйлсийг үйлдвэрлэн худалдаанд гаргадаг. Түлхүүрийн оосроос эхлээд цүнх, гутал хүртэл хийдэг. Үүний зэрэгцээ арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн бөгөөд арьсан урлагийн бүтээл туурвиж хамтарсан олон үзэсгэлэн, наадамд амжилттай оролцож байсан.

-Уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Ертөнц” гэж нэрийдсэний учир юу вэ. Ертөнц гэдэг таны бодлоор ямархан утгыг агуулдаг вэ?

-Энэ үзэсгэлэн миний багштайгаа хамтарч гаргаж буй анхны үзэсгэлэн. “Урлах эрдэм” дээд сургуульд арьсан урлагийн “А” үсэг анхлан заасан Ч.Алтанчимэг багшийн маань дотоод ертөнц гэгээн санагддаг. Миний хувьд ертөнц гэдэг хүний бодлын хязгаараас давсан агуу том зүйл юм. Ертөнцийг танихын хэрээр хүн хумхын тоос мэт өчүүхэн жижиг гэдгээ мэдэрнэ. Ургамал амьтан, хүн бол ертөнцийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэдгээр нь гадаад төрхөөрөө өөр юм шиг хэр нь дотоод мөн чанар нь ижил байдаг. Тиймээс ертөнц гэдэг маш олон зүйлийн нэгдэл юм. Хүний амьдрал маш удаан үргэлжилдэг мэт боловч эцсийн цэг дээр очоод эргээд харахад маш богинохон, зүүд зэргэлээ шиг  байдаг учраас бие биеэ хайрлаж, нэгэн цул байя гэсэн санааг бүтээлдээ илэрхийлэхийг зорьсон. Өнөөдөр Монгол Улсад эв нэгдэл, нэг зорилго чухал хэрэгтэй байна. Энэ санаа ч цухалзаж буй. Үзэсгэлэн маань энэ сарын 28 хүртэл нээлттэй.

 

Миний бодлоор бол, арьсан урлаг нь манай орны хувьд монгол ахуй өв соёлтой гүн холбогдсон нэн эртний түүхтэй баялаг урлагийн төрөл бөгөөд тухайн уран бүтээлчээс зурах, сийлбэрлэх, баримлын чадвар шаарддаг. Харин Дизайнер мэргэжил бол хүнийг зураач, зохион бүтээгч, хүн судлаач, нийгэм судлаач, түүх судлаач, байнгын шинэ содон зүйлийн эрэл хайгуулчин байхад чиглүүлж өгдөг. Энэ бүхнийг судалж дээр нь өөрийн дотоод мэдрэмж, төсөөллөө шинэ загвар, бүтээлдээ тусгадаг онцлогтой.

 

-Арьсан урлагийн бүтээлүүдийг хараад байхад олон талын мэдлэгтэй, мэдрэмжтэй хүний барьж авах төрөл юм байна?

-Арьсан урлаг нь зураач, сийлбэрч, дизайнер, барималч гээд олон чадвар шаарддаг урлаг. Арьс гэдэг олон төрлийн материалтай зохицдог. “Араншин” гэдэг бүтээлээ хөөмлийн аргаар хийсэн. Энэ нь баримлын ажиллагаа шаарддаг. Эхлээд хар зураг гаргаж, судалгааны ажлаа хийнэ. Зохиомжоо биежүүлж баримлын шавраар хэв цутгаж аваад, дараа нь цаасаар шуумал хийдэг. Шуумлаа бүрж арьсаа хөөж хийдэг учраас хугацаа их шаарддаг. Ер нь зохиомжоо гаргаад технологио сонгоно, хөөж хийх үү, сийлбэрдэж хийх үү гэдгээ сонгоод, өнгө тавилтаа яаж хийх үү гэдгээ бодно. Дизайнер гэдэг мэргэжил нь тухайн цаг үеийн нийгмийн чиг хандлага, дэлхийн загварын урсгалаас шинэ трэндийг гаргадаг учраас шинэлэг, бүтээлч,олон төрлийн мэдрэмж шаардсан мэргэжил шүү.

-Таны уран бүтээлд шашинлаг үзэл, сүнслэг мэдрэмж, аливааг эсрэгцүүлсэн өнгө аяс хийгээд нэгдмэл мөн чанар харагдаж байна л даа?

-“Араншин” гэдэг бүтээл маань “Гоо үзэсгэлэн” гэдэг бүтээлтэй уялдаж нэг зүйлийн хоёр үзүүр болж буй. Эдгээр хоёр бүтээл нь догшин бурхны дүр төрхтэй боловч гоо үзэсгэлэн нь дотоод мөн чанартаа байдгийг харуулсан. Эсрэгээрээ гадаад төрх нь гоо үзэсгэлэнтэй боловч дотоод мөн чанар нь догшин  ширүүн ч байж болно шүү дээ. Юм гэдэг харагдаж байгаатайгаа адилхан байдаггүй. “Хувьсал” гэдэг бүтээлд маш олон салангид дүрс нэгдэж модны дүрсийг бүтээсэн. Тогтмол ус амархан мууддаг шүү дээ. Харин урсгал ус цэвэр тунгалаг байдаг шиг байнгын хөдөлж, хувьсах нь ертөнцийн шинэчлэл юм гэдэг санааг гаргасан. “Хүрхрээ өөд” гэдэг бүтээлд далай доорх загасны амьдралыг харуулсан. Загас бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг юм байна л даа. Зарим загас далайн ёроолд амьдардаг бол зарим загас шувуу шиг далайн мандал дээгүүр тэмүүлж амьдардаг. Уулчин гэдэг хочтой загас ч бий. Хүрхрээ өөд хад дамжин авирч, урсгал сөрж сэлдэг онцлогтой. Энэ бүхнээр хүний амьдралын хэмнэл, зорилго тэмүүллийг харуулсан. Хүн уулчин загас шиг тэмцэгч, тэмүүлэгч хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй шүү. Ер нь би хүний араншныг байгаль, амьтнаар төлөөлж гаргах дуртай бол багш маань эмэгтэйлэг, хатдын ааш аягаар эмзэг, зөөлөн, дулаан харилцааг илэрхийлсэн симболист урсгал давамгайлсан.

 

-Арьсан урлагийн салбар хүнд хортой нөхцөлд хамаардаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд энэ салбарыг их сонирхдог болсон шиг?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө эрчүүд голчлон арьсан урлагийг сонирхдог байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүд сонирхож өөр өөрийн гэсэн өнгө будаг, донж маягийг харуулсан бүтээл туурвиж, амьдралд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эмэгтэй хүний торгон мэдрэмж, загвар дизайныг нэвтрүүлж байна. Дүрслэх урлагийн салбарт Монголын арьсан урлагийг хөгжүүлэх “Хүрэл буга” нийгэмлэгт 100 орчим уран бүтээлч байдаг. Тус нийгэмлэг маш олон ажлыг зохион байгуулж, үзэсгэлэн гаргадагт олзуурхдаг.

-“Урлах эрдэм” дээд сургуулийг төгссөн хүмүүс бүгд л ажлын байртай, нийгэмд бүтээлч хандлагатай сайн сайхан яваа харагддаг шүү?

-Манай сургууль  “Сайхан Монгол орондоо ажиллаж амьдарцгаая” гэдэг уриатай. Төгсөгчдөөс арьсан эдлэлийн салбарт өөрийн гэсэн үйлдвэртэй, брэндтэй, тун амжилттай яваа олон хүн байдаг. Жишээ нь, “Best choes”, “Хөөндий” зэрэг брэндийг ард түмэн хэдийн мэддэг болжээ. Өнөөгийн нийгэмд эх оронд маань инженер, техник, урлан бүтээгч хүмүүс хэрэгтэй байна.

-“Бэсүд” үйлдвэрийнхээ онцлогоос хуваалцана уу?

-“Бэсүд” үйлдвэр байгуулагдаад 25 жил болж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн захиалгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Арьсан дээр анх удаа зураг хэвлэх үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн. Тогтмол үйлчлүүлэгчтэй учир одоохондоо албан ёсны борлуулалтын дэлгүүрээ нээгээгүй байна. Манай салбарт онцлог бий. Зөвхөн нэг гутал хийхэд дизайнер, зохион бүтээгч, технологич, оёдолчин, эсгүүрчин, уллагаачин, татлагачин, чанар шалгагч гээд олон төрлийн дамжлага дамждаг. Тиймээс цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгч нартаа онцгойлон зориулж зөвлөмж мэдээлэл тогтмол гаргадаг. Тухайлбал. хөлөө хэрхэн эрүүл байлгах, хөл тавхайн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гутал сонголтыг хэрхэн зөв хийх, хүүхдийн гутлыг сонгоход юуг анхаарах вэ гэх мэт мэдээллийг видео болон бичгэн хэлбэрээр хэрэглэгч нартаа онцгойлон бэлтгэж хүргэдэг. Монголд гутлын буруу сонголт, буруу зуршил, энэ талаарх мэдлэг мэдээллийн хүртээмж бага байгаа гэх зэрэг олон шалтгааны улмаас хөл тавхайн өвчнөөр шаналсан хүн их байдаг. Сүүлийн үед энэ нь залуужаад байна. Иймээс гутал үйлдвэрлэгчид болон эмч мэргэжилтнүүд нийгэмтэйгээ нягт уялдан анхаарч ажиллах ёстой гэж боддог. Ер нь бол хөл хүний чухал тулгуур эрхтэн учраас гутлыг сонгон авахдаа гял цал өнгө, загварыг харахаас илүү эхлээд хамгийн түрүүнд хэрэглэгч таны эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж чадаж байна уу гэдэг асуултыг өөртөө тавих хэрэгтэй.

-Захиалагч, үйлчлүүлэгч нар нь ямар загварын гутал, цүнх та бүхнээс хүсдэг вэ?

-Манай захиалагч нар биед эвтэйхэн, чанартай материалтай, загварлаг бүтээгдэхүүн биднээс хүсдэг бол бид тухайн хүний биеийн онцлог, хүсэл шаардлагынх нь дагуу орчин үеийн загвар дизайныг хоцрогдуулахгүй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьдог. Би дизайнер хүний хувьд уран сэтгэмжтэй, этгээд сонин загвараар гутал, цүнх хийх сонирхолтой байдаг боловч хүмүүсийн хүсэмжит загвар нь энгийн, эдэлгээнд амар, өдөр тутмын загварыг илүүд үздэг. Баяр ёслолын үеэр захиалга нэмэгддэг. Цагаан сараар дээлэн дээр өмсөх гутал, цүнх, бүс, малгай сонирхдог бол шинэ жилээр бэлхүүс нарийн харагдуулдаг бүсний захиалга, гоёлын цүнх, дуфлины захиалга ирдэг. Хичээлийн шинэ жилээр хүүхдийн гутлын захиалга ихэсдэг. Зуны улиралд аялалд зориулсан жижиг эдлэлийн захиалга ирдэг шүү.

 

Брэнд үүсгэх бол ганцхан хүний биш маш сайн баг, хамтын үйл ажиллагаа байдаг. Одоогийн түвшинд суралцаад л явж байна. Брэнд үйлдвэрлэхээс илүү уран бүтээлээ туурвиж олон улсын арьсан урлагийн салбарт өөрийгөө таниулж, дэлхийгээр аялж ертөнцийг илүү ихээр таньж нээхийг хүсдэг.

 

-Залуучууд мэргэжлээ хэр оновчтой сонгож байна гэж та боддог вэ?

-Ажил хүнийг голохоос хүн ажлыг голж болохгүй. Цэвэрлэгчийн ажил хүртэл хэр барагтай хүн хийж барахааргүй сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл шингэсэн ажил. Хүн мэргэжлээ сонгохдоо өөрийнхөө дуртай, чаддаг зүйлээ барьж авбал илүү амжилттай байх болно. Аливаа ажлыг хийхэд саад бэрхшээлгүй зүйл гэж үгүй. Тэр бүрийд суралцаад, өөрийгөө хөгжүүлээд, улам сайжраад явж байна. Алдаа ч гаргаж болно. Түүнийг тэсэж үлдэх, давж гарах сэтгэлийн тэвчээр, өөрийгөө таньж мэдэх  маш чухал л даа.

-Өөрийгөө таньж мэдэхийн тулд үлгэр дуурайл үзүүлсэн, урам зориг өгсөн ямар хүчин зүйлс байдаг вэ?

-Би залуу хүний хувьд өөрийгөө таньж яваа л гэж хэлмээр байна. Өдөр бүр шинээр таньж байна. Миний хувьд хоёр жил бясалгал хийсэн. Энэ нь оюун ухаанаа төвлөрүүлж, өөртэйгөө ярьж, уран бүтээлээ бодож туурвихад маш их нөлөөлдөг. Олон бэрхшээлийн дундаас цойлон гарч амжилтад хүрсэн хүмүүсийн түүх миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Үргэлж л уран бүтээлдээ тусгахуйц үйл явдал, сэрэл мэдрэмжийг чагнаархаж, тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж явдаг даа. Ажлын хажуугаар янз бүрийн сургалтад сууж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

-Залуу хүний хувьд өөрийн гэсэн брэндтэй болж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэл мөрөөдөл тээж л яваа байх?

-Брэнд үүсгэх бол ганцхан хүний биш маш сайн баг, хамтын үйл ажиллагаа байдаг. Одоогийн түвшинд суралцаад л явж байна. Брэнд үйлдвэрлэхээс илүү уран бүтээлээ туурвиж олон улсын арьсан урлагийн салбарт өөрийгөө таниулж, дэлхийгээр аялж ертөнцийг илүү ихээр таньж нээхийг хүсдэг. 

-Арьсан урлаг гэхээр нүүдэлчин ахуйтай салшгүй холбоотой. Гадаадад энэ салбар ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Монголын арьсан урлаг нь өв соёл, ахуй амьдралтай холбоотой. Чөдөр, ногт, дашмаг, айрагны хөхүүрээс эхлээд гутал богц нь хүртэл арьсаар хийгддэг учраас Монголын арьсан урлагаар өв соёлоо сурталчлах боломж маш өргөн. Европын арьсан урлаг реалист талдаа бөгөөд арьсан сийлбэр маш өндөр хөгжсөн бол азийн уран бүтээлчид сэтгэлгээ талдаа илүү хөгжсөн  юм уу гэж надад санагддаг.

-Энэхүү үзэсгэлэнг гаргахад, өнөөдрийн Сайнбаянг бий болгоход нөлөөлсөн хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Хийж бүтээх хүслийг минь үргэлж дэмжиж ойлгодог хүмүүс бол миний аав, ээж хоёр. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг нээж, залж чиглүүлж, хөгжүүлж чадвал хүүхэд нь буруу мэргэжил сонгож цаг хугацаа, мөнгө төгрөг үрэхгүй шүү дээ. Манай аав, ээж хоёр намайг юу хүссэнээ хийх боломжийг олгодог. Мөн арьсан урлалын салбарт хөтөлж өдий зэрэгт хүргэсэн бүх багш нар маань намайг уран бүтээлчийн хувьд хайрцагт оруулаагүйд нь талархдаг. “Урлах Эрдэм” дээд сургуулийн захирал Г.Тунгалаг, Ч.Алтанчимэг багш болон С.Сайнням багшдаа маш их баярлалаа. Ээж минь “Хорвоо дээр сайн, муу маш олон төрлийн хүн байдаг. Хүн болгонд авах сайн чанар байдаг. Мууг нь хаяад, сайныг нь авч байгаарай. Хүн бүр чиний багш шүү” гэж надад захидаг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.127) 2021 оны 03 сарын 25

HAANAAS AVAH VE?

1  |  0
Top