“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
“Холын тэнгэр аав”, “Хар нүдэн бүсгүй” дуугаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж өдгөө 120 гаруй дуу эгшиглүүлж яваа дуучин бол Лосолын Болдбаатар. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуяг багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Сурагч байхдаа ааваасаа өнчирч үлдсэн хүүгээ их сургууль төгсгөхийн тулд мал хуйгаа зарж, хот суурин бараадсан ижий нь дөрвөн жил зах дээр зогсож халуунд халж, хүйтэнд хөрж сургалтын төлбөрийг нь олдог байжээ. “Хар нүдэн бүсгүй”, “Энхрий”, “Хайр татсан бүсгүй”, “Сэтгэл хөглөх аялгуу” тоглолтуудаараа ижийдээ бэлэг барьж баярлуулсан ачтай хүү нь өдгөө 14 дэх тоглолтоо “Түмэндээ өргөх дуунууд” нэртэйгээр хийх гэж байна.
Л.Болдбаатар аав, ээжийгээ бэтгэртлээ санаж, ая дуугаараа элгээ дэвтээж, аргадсан уянга дуугаараа ард түмнийхээ хайртай хүү нь болжээ. Уул усаа бахдан дуулж уушги цээжээ асаан омогшихдоо ухаант түмнийхээ хайртай дуучин нь болжээ. Дурлал хайранд шатаж явахдаа дуу эгшгээр зүрхээ хөглөж дуучин зоныхоо айзам хөг нь болжээ.
Дууны үг бол тарни. Тарни мэт үгийн шидээр энэхэн амьдралыг уужруулж, ухааруулж, уянгалуулж дуулдаг түүнийг сэтгэлийн зөөлөн сэвшээ гэмээр. “Амьдрал ийм хатуу, нийгэм нь ийм цөвүүн байхад дуу нь хүртэл ард түмнээ зандраад, ташуурдаад байвал хэцүү шүү дээ. Хүний сэтгэлийг зөөллөхийн тулд миний хоолой ийн заяасан юм болов уу.” хэмээн өгүүлэхэд нь харц нь зөөлрөөд ирэх.
Ш.Лхамноржмаагийн үг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Санахын гэгээ” дуугаараа тэр
Зүрхний минь хайранд
Зөндөө саатаарай
Чамгүйгээр гандах амьдралд минь
Зүрхэндээ галтай ирээрэй
хэмээн тийм эмзэгхэнээр, тийм энхрийхнээр урин дууднам. Ц.Юндэнгийн үг, Б.Бямбабаярын аялгуу “Эрт буцсан ганганаа” дуугаараа тэр
Сэтгэлээс цойлсон өнчин ганганаа
Сэмрүүлэн сэмрүүлэн буцлаа гэж үү дээ
хэмээн нуугдмал сэтгэлийн торгон алчуурыг сэмэртэл, нуугисан зүрхний үзэсгэлэнт шувуухайг гансартал санаа алдуулнам. Н.Энхбаатарын үг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Аавын тэнгэр” дуугаараа тэр
Аавын тэнгэр бүүдийж байхыг би мэдэхгүй
Аавын ухаан дутаж байхыг үзээгүй
Аавын хийморь гундуухан байхыг хараагүй
Ааваасаа үлгэрлэн амьдарч явна би
хэмээн тэнгэр болсон тэнгэр мэт аавынхаа тэнгэрлиг ухааныг тэнгэрт хүртэл тэнхээ мэдэн бахдан дуулж, орчлонгийн аавуудын түвшин сайхан дүрийг зүрхэнд зурж, зүүдэнд сийлнэм. Г.Мөнхцэцэгийн үг, Ц.Эрдэнэбатын аялгуу “Амь халуун” дуу шигээ
Ээжийнхээ дэргэд даарах нь үгүй
Ийм л хайранд төрсөн юм болохоор
Сэтгэлийн үгээр дулаацахын жаргалыг
Сэлүүхэн орчлонгоос хайж л явдаг аа
Ээжээ, ээжээ
Халгиж өссөн ээжийн минь энгэрээс
Хамгийн зөөлөн нь альхан юм бэ
Цалгиж туучих хүний хорвоогоос
Цангааг минь тайлах нь
Цагаан сүүнээс өөр юу юм бэ
хэмээн хатуу хөтүү хорвоогийн ээжтэй бүхний элгийг цагаан сүүгээр зөөллөтөл халгинхан, хайрланхан, энгэр сүүнээс сүү ивлэтэл, энэ орчлонд гэгээ таттал дуулнам Пvрэвдоржийн үг, Л. Галмандахын аялгуу “Сэм сэмхэн” дуугаа тэр
Сэм сэмхэн санаа алдмаар
Сэргэлэн хонгор чи минь юм аа
Салхин талдаа чамайгаа дагуулаад
Санаа амар алхаж явна аа
хэмээн сэргэлэн хонгор аалиараа сэтгэл сэргэтэл инээх сэтгэлийн гэрэлт амрагийг сэмхэн санагдуултал сэвэлзтэл дуулнам. Д.Ган-Очирын үг, Ц.Эрдэнэбатын аялгуу “Хун цагаан хайр” дуугаараа
Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд
Дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн
хэмээн гил хар нүдэн, гивлүүрт бүсгүйн үзэсгэлэнг үе, үехэн үзүүлж, танан царайт, тансагхан бүсгүйн гоог хааяа, хааяахан харуулах нь байж ядмаар. Б.Пүрэвсүрэнгийн үг, Д.Пүрэвдоржийн аялгуу “Босоо хийморьтой эр хүн” дуугаа дуулахдаа тэр
Зовхи нь өөдөө Монголынхоо
Нүүдэлч удмын үр сад билээ би
Зоргоор амьдрах хорвоо доо
Босоо хийморьтой эр хүн, эр хүн билээ би
хэмээн Монголоороо омогшин мохошгүй тэнхээт эрчүүдийн омог сүрийг алдаршуулан, атганд нь бяр амтагдмаар, алганд нь дэлхий багадмаар жавхаатайхан харагднам.
Увс нутгийн унаган хүү Тэсийн голын унага Л.Болдбаатарын сойсон дуун хүлэг бүхэн гарааны зурхайнаасаа эхлэн өнгөлж, өөртөө сүрэг сүрэг адуу хуйлруулан хурааж, хурд шандсаараа тасран цойлж, хязгааргүй уудам талын дундуур цахилж оддог. Дуу бүхэн нь ард түмний сэтгэлд тийн хүрч дундуур ертөнцийг ийн дүүргэх нь юуны шид вэ? Аялгуу эгшигтээ байна уу, алтанхан үгстээ байна уу, амрагхан дуучиндаа байна уу? Аль аль нь зохирон нийлж, амилан уянгалж ер бусын шидэт шувуу болон сэтгэлийн гэгээвчээр орж ирэн, сэмхэн зүрхэнд үүрлэчихдэг нь сонин.
Уран бүтээлийн харгуй замаар алхахдаа “Хар нүдэн бүсгүй”, “Нөмөртэй аялгуу”, “Хун цагаан хайр” зэрэг 12 цомог гаргасан тэрбээр “Хар нүдэн бүсгүй”, Сэтгэл хөглөх аялгуу”, “Санахын гэгээ” зэрэг 13 тоглолтоо хийжээ. Тэгвэл энэ сарын 20. 21 22- ний өдрүүдэд толилуулах тоглолтдоо ард түмний сэтгэлд хоногшсон 60 дуугаа сонгож дуулахаар болсныг дуулгахад таатай байна. “Түмэндээ өргөх дуунууд” тоглолтод нь түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж ирсэн уран бүтээлч нөхөд нь ирж ая дууны дээжээ өргөн барьж жавартай өдрийн жаврыг уястал, цастай өвлийн цасыг ханзартал эгшиг дуугаар халгих нь ээ.
“Уран бүтээлч хүн тайзан дээрээ амьдардаг гэдэг. Тайзан дээрээ гарахгүй удахаараа тайзаа санаж дэгэлздэг. Түмэн олноо санаж ганцаарддаг. Тайзан дээр гарахад гэртээ ирсэн юм шиг мэдрэмж төрдөг шүү” гэж догдлон өгүүлэх дуучин маань “Соёолонгийн тоос”, “Сүргийн дэргэд”, “Морин дэл дээр”, “Хонгор зээрд” зэрэг морины тухай дуу ч олныг дуулсан билээ. Хааяа сэтгэл багтрахаараа ууланд гарч, уушгиа онгойтол хашхирч дотроо онгойлгочихдог гүдэсхэн эр маань “Гавьяат гэдэг цол их том юм аа, хүмүүс их сүрдэнэ, хүндэлнэ. Би чинь өөрөө их энгийн хүн болохоор гавьяат аа гээд дуудахаар дасахгүй, будилж л явлаа” гээд инээмсэглэв.
Тоглолтын арын албанд 160-аад уран бүтээлч ажиллаж байгаа гээд бодохоор нүсэр далайцтай, нүргэлсэн цараатай тоглолт болох нь дээ. Бөхийн өргөөний гол хэсэгт арга билгийг бэлгэдсэн дугариг тайз засаж, үзэгчдийн арын эгнээг тойруулж дэлгэц байрлуулж, үзэгчдэд сонирхолтой, өнгө гэрлийн хувиралтай, дуу хөгжмийн дуугаралт сайтай тоглолт хийхээр ханцуй шамлан оржээ. Тасалбарынхаа өнгийг хүртэл гал, ус, тэнгэрийг бэлгэдэж өөр, өөр өнгөөр хэвлүүлж, монгол эр хүний чимэг болсон морины эмээлийг нүүрэн хэсэгт оруулсан нь сэтгэлд дотно харагдаж байв. Дуучин маань өмнөх тоглолтуудаараа үе үеийн Төрийн Тэргүүний дээл, хувцсыг урлаж ирсэн Монгол Улсын гавьяат жүжигчин уран Д.Лхагва эгчийн бүтээлээр гангардаг байсныг сонсогч шүтэн бишрэгчид нь андахгүй. Харамсалтай нь, Өмнөговь нутгийн гаралтай уран гарт үйлчин эгч нь өнгөрсөн жил бурхан болсон тул энэ удаагийн тоглолтынхоо имиж бүрдүүлэлтийг шинэлэг мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй залуу уран бүтээлчдэд даатгахаар болжээ. Бөхийн өргөөг гурван өдөр эгшиг дуугаараа цалгиачихаад энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ныг хүртэл зүүн аймгуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж буйгаа ч дуулгав. Харин Цагаан сарын дараа баруун аймгийн нутгаар аялан тоглолт хийж ард түмнээ ая дуундаа жаргаах нь ээ.
Сүүлийн жилүүдэд “Амьдрал”, “Ээжийн тухай дуу”, “Хонгор зээрд”, “Нэгэн насны хайр”, “Хамтдаа дуулъя”, “Мөрөнгийн намар”, Ээжийнхээ буйран дээр”, “Монгол бүсгүй” зэрэг шинэхэн дуунуудаа клипжүүлж ард түмэндээ хүргээд уран бүтээлийн олз омог, дүүрэн, учран золгохын сэтгэл яарангуй яваа Л.Болдбаатар дуучин маань тайзаа гэр шигээ санаж, та бүхнийгээ ижий аав, элгэн садан шигээ бодож, дуунд дуртай зон олныхоо гэгээн итгэл, сэтгэлийн гэрэлд үргэлж сүслэн, сүслэн залбирч явдаг аа.
Сэтгэгдэл ( 9 )
Олний хүндэтгэлийг хүлээсэн дууг гайхамшигтай урлаж хүний сэтгэлд хүргэж дуулдаг дуучин
Bazar dariin baraan saaral gej Za bas ymar chinges n garaas irev ee Orkuudaa ta nar rock pop metal rock ,soft rock ,grange rock., alternative tock.punk rock .opera ,reggae ,soul music ene ter geed delhiin hemjeenii hugjim sonsoh bolomjgui u tee Orkuud ta nar hulsuu archaal naad erguu nuhuriinhuu orilhiig sonsood amar saihan jargah boltguaaa kkkk
KKKKKKK ENE NUHURIIN ORILHIIG OORKUUD UZEEL KKKK HULSUU SHUDARAAD L UZEED L KKK ENE NEG NUHUR N ULAM ORILOOD L KKKK DUU N BOLOHOOR ARGAL HOMOOLD YVSAN EEJ MINE KKK HAACHIVAA GEED L ESVEL DEELEE DAAHGUI BOLTHON EEJ HUDLAA ORILJ BAIHAAR DEELII N SOLIOD UGCHUUCH KKKKKKK
сайн ч дуучин сайхан ч дуулна сайхан ч эр хүн дээ
амжилт хүсье. сайн дуучин шүү
Дууг бол жинхэнэ шаглаж урлаж дуулна шүү дээ
Jil bolgon toglolt hiih ni arai bishee busad ued ni alga boldog odoo bolson ts
уран бүтээлийн өндөр их амжилт хүсэе аз жаргал эрүүл энхийг хүсэе урлагын янжин лхам бурхан өнөд ивээж явагээ
Дуучиндаа амжилт хүсье