Дээд шүүхээс Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг өнөөдөр /2020.01.08/ хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны гуравдугаар сард хянан хэлэлцсэн байдаг. Улмаар яллагдагч Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн,  Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд  тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг тухайн оны долоодугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top