УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Тэгвэл яллагдагч З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж, хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ өдөр тутмын "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагдаа "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон зарим Засгийн газрын сайдуудаас АТГ тайлбар, гэрчийн мэдүүлэг авсан. Ч.Сайханбилэг сайдыг гэрчээр татаж, үүрэгт ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгасан ч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хөнгөн хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ бол хоёр жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Ер нь Ч.Сайханбилэгийг хариуцсан ажилдаа хайнга хандсан гэж буруутгах бус Засгийн газрын хамтын шийдвэр гэдгийг ойлгох ёстой. Засгийн газрын энэ тогтоол батлагдсанаар хэн нэг нь буруудах, улс ч хохироогүй шүү дээ. Гэхдээ Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим алдагдсан. Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийг хариуцсан ажилдаа хайнга хандсан гээд сулласан байтал, салбар хариуцсан сайд байсан намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллаж, анхнаасаа ялгавартай байдлаар асуудлыг шалгаж эхэлсэн" гэж ярьсан байна.
Харин АТГ-аас Ерөнхий сайд асан Ц.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа ч тэрбээр эх орноосоо оргон зайлаад байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас Ч.Сайханбилэгийг албан ёсоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )