Япон улсын Элчин сайдын яам, Нью жуулчин турс, Canon Mongolia, Гранд Принс ХХК-ий Ажисэн рамэн ресторан болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааны ялагчдыг тодруулан шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэгээнтэн” кино театрт боллоо. Уг тэмцээнийг Япон орон, түүний соёл, ёс заншил, иргэдийн амьдрал зэргийг олон талаас нь харуулан таниулахын зэрэгцээ Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулсан билээ.
Тэргүүн байрыг М. Анударъяа “Асакүса” зургаараа эзэлж Нью жуулчин турс компаний шагналыг хүртлээ. Удаах байранд Д. Төмөрбаатарын “Олимпийн дурсгал”, гуравдугаар байранд А. Ариунбаярын “Хүндэтгэл” гэрэл зургууд тус тус шалгарлаа. Мөн удаах байруудад Б. Батнямын “Хүндлэл”, О. Сүхбатын “Самурай” гэрэл зургууд шалгарч тусгай шагнал хүртлээ.
Японы ЭСЯ-ны Зөвлөх Ш.Хаяаши ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Монголчуудад Япон улсыг илүү сайн мэдрүүлэхийг зорьсон бөгөөд, улмаар аль болох олон монгол хүн Японыг зорьж, Токио, Киото төдийгүй сэтгэл татам бусад олон газруудад очиж үзээсэй хэмээн хүсч байгаа. Энэ онд зохион байгуулагдах Токиогийн Олимп, паралимпийн наадмын үеэр олон монголчууд Японд очиж, цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ Монголын баг тамирчид эх орондоо олон медальтай эргэж ирнэ хэмээн найдаж байгаа”-гаа илэрхийллээ.
Япон улсын Элчин сайдын яам
Утас: 320777 (124, 125)
Сэтгэгдэл ( 0 )