Сагсан бөмбөгийн "Гоё" дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит хоёр тоглолт даваа гарагт /2020.01.13/ Спортын төв ордонд боллоо.
Энэ өдрийн эхний тоглолт лигийн 6 удаагийн аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" болон энэ улиралд шинээр лигт элссэн "Багануур Тулнууд" багуудын хооронд боллоо.
"Хүлэгүүд"-ээс багийн ахлагч Б.Билгүүн бэртлийн улмаас сар гаруй талбайд гарахгүй болсон бол "Тулнууд"-аас Б.Бумбаяр, Т.Билгүүн, Б.Хишигбаяр, Н.Ганбаатар нар тус тоглолтыг өнжлөө.
Энэ улиралд бүрэлдэхүүндээ 50 хувийн шинэчлэлт хийсэн "Хүлэгүүд" тоглолтын эхнээс хошуучилж, улирлын гурав дахь хожлоо авлаа. Тоглолт 83-74-ийн харьцаатай 9 онооны зөрүүтэй өндөрлөсөн байна.
Энэ тоглолтод багийн холбон тоглогч, өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч О.Сэргэлэн 20 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалтаар багаа манлайлсан бол түүнд лигийн туршлагатай тоглогчдын нэг З.Доржсүрэн 21 оноо, С.Өрнүүнбилэг 16 оноо, Б.Батжавхлан 14 оноогоор тус хүргэжээ.
"Хүлэгүүд"-ийн хувьд хоёрдугаар тойргоос легионер тоглогчдоо авчрах юм байна. Харин "Багануур Тулнууд" баг нэг легионер тоглогчтойгоор "Хүлэгүүд-ийн эсрэг тоглосон ч хожил байгуулж чадсангүй. "Хүлэгүүд" оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаар "Тулнууд"-аас илүү байж чадсан юм. "Тулнууд" энэ үдэш хожигдсоноор улирлын дөрөв дэх хожигдолоо амслаа. "Тулнууд"-аас Г.Насанжаргал 18 оноогоор багаа тэргүүлж Т.Ганзориг, А.Дөлгөөн нар тус хүргэсэн ч энэ нь хангалттай байсангүй.
Энэ үдшийн хоёр дахь тоглолт "Хан-Уул Хангарьд" болон "Алдар Танан Гарьд" багуудын хооронд болсон юм.
Ш.Сэдбазар дасгалжуулагчтай "Хан-Уул Хангарьд" багаас энэ тоглолтыг Б.Сайнтөр, А.Од нар өнжсөн бол "Гарьдууд"-аас А.Тэмүүжин, Ж.Алтаншагай, М.Тэлмэн нар өнжлөө.
Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд шинэ улиралд эхнээсээ манлайлж, бэлтгэл сайн байгаа харуулсаар байсан бол тус тоглолтонд мөн л итгэл төгс, жигд сайн тоглолтыг үзүүлж, улирлын тав дахь хожлоо авсан байна. "Гарьдууд" легионер тоглогчын хувьд сайн сонголт хийсэн нь тоглолтоос тоглолтонд харагдаж байлаа. Тус багийн легионер тоглогч Д.Лавандер лигийн гурав дахь тоглолтдоо мөн л 20-оос дээш оноог авч, багаа хожилд хөтлөлөө.
Тэрбээр "Хангарьд"-ын эсрэг 22 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалтыг дунджилсан бол түүнд О.Эрдэнэцогт 19 оноо, О.Ууганбаяр, Б.Болдбаатар нар тус бүр 10 оноогоор тус хүргэлээ.
Тоглолт 90-78-ийн харьцаатайгаар "Гарьдууд"-ын хожлоор өндөрлөсөн. "Гарьдууд" довтолгоо, алсын зайн шидэлт, чөлөөт шидэлт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт зэрэг бүхий л үзүүлэлтүүдээр эсрэг багаас давуу байж чадсан юм.
Ийнхүү "Алдар Танан Гарьд" баг нэг хожигдолгүй, лигийг итгэл төгс тэргүүлсээр байгаа бол "Уурхайчид" болон "СБЛ Хасын Хүлэгүүд" 3 хожил, 2 хожигдолтойгоор удаалж байна.
"Гоё" дээд лигийн дараагийн тоглолт маргааш буюу лхагва гарагт "Алдар Танан Гарьд" болон "Хасын Хүлэгүүд", "Уурхайчид" болон "Хангарьд" багуудын хооронд болох хуваарьтай байна.
Сэтгэгдэл ( 0 )