Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг илрүүлсэн. Энэ хэргийг 13 настай хүүхэд холбогдоод байна. Тэрбээр яагаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаарх сурвалжлагчийн асуултад "Илүү их бэлэн мөнгө хэрэгтэй учраас" хэмээн хариулж байв.
Мөн дараах асуултад хариулсан юм.
-Яагаад ийм буруу замаар орчихов?
-Ар гэр асуудалтай учраас буруу хүүхдүүдтэй нийлээд, өөрийнхөө толгойгоор сэтгэдэггүй, үеийнхээ хүүхдүүдээс өөр болохоор хулгай хийдэг болсон.
-Хэзээнээс?
-2019 оны сүүлээс хулгай хийж эхэлсэн.
-Чамд хүн зааварчилж, захиалга өгдөг юм уу?
-Үгүй. Би өөрөө хийдэг.
-Ар гэрийн асуудлаар гэсэн. Ямар асуудал гарсан юм бэ?
-Агаа согтуу орж ирээд хөөж туугаад, "золбин гөлөг" гэх мэтээр дуудаад байдаг. Тэгээд л...
-Ихэвчлэн орон сууцны айлуудад хулгай хийдэг юм уу?
-Үгүй. Гэр хорооллын айлуудад ордог.
-Хүнтэй, үгүйг нь яаж мэддэг юм бэ? Судалдаг юм уу?
-Үгүй. Зүгээр шууд орчихдог.
-Юуг нь авдаг юм бэ?
-Бэлэн мөнгө, үнэтэй юмыг нь.
-Сургуульд сурдаг уу?
-Сурдаг.
-Тэгээд яагаад заавал хулгайн гэмт хэрэг хийж байгаа юм бэ?
-Арай их бэлэн мөнгөтэй болох гээд.
Тэрбээр дээрх хариултыг сэтгүүлчдэд өгсөн юм. Байцаалтын өрөөнд түүний хулгайлсан гэх зурагт, хивс зэрэг эд зүйлс байлаа.
Түүний холбогдсон энэхүү гэмт хэрэг нь нийт 40 удаагийн үйлдэлтэй бөгөөд зарим хохирогч нар нь тогтоогдоогүй байгаа талаар ЦЕГ-аас хэлж байв. Тиймээс хэрэв 2019 онд орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, айл өрх байвал цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )