Өнгөрсөн улирлын аваргуудын хожлыг "Хүлэгүүд" зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Сагсан бөмбөгийн "Гоё" дээд лигийн 1-р тойргийн нэг тоглолт болон 2-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.01.15/ Спортын төв ордны А зааланд боллоо.

Энэ улирлын хувьд нийт 6 баг өрсөлдөж байгаагаас 1-р тойргийн дараах байдлаар багуудын чанар, чансаа ижил ойр түвшинд байгаа нь харагдаж байв. Энэ үдшийн хоёр тоглолт тун өрсөлдөөнтэй, өгөө аваатай болж өндөрлөсөн байна. "Гарьдууд" болон "Хүлэгүүд" 2-р тойргийн эхний тоглолтод хоорондоо учраа таарсан. Эхний тойрогт нэг ч хожигдоогүй аваргаа хамгаалахын төлөө тоглож байгаа "Алдар Танан Гарьд" багийн хожигдоогүй цувралыг лигийн 6 удаагийн аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" баг зогсоож чаджээ.  Энэ тоглолтод Хүлэгүүдээс Л.Өсөхбаяр, Б.Билгүүн, Б.Гандөш нар оролцоогүй бол Гарьдуудаас Ж.Алтаншагай, М.Тэлмэн нар бэртлийн улмаас өнжсөн байна.  

Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүүхэн тоглож, эхний үед "Гарьдууд" 2 онооны илүүгээр давамгайлсан болсон 2-р үед "Хүлэгүүд", "Гарьдуудаас" 1 оноогоор илүү өндөрлүүлсэн. Өгөө, аваатай тоглосоор хоёр багийн тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн байна. Тус тоглолтод "Гарьдууд" довтолгоонд "Хүлэгүүд" илүүтэй хувьтай ажилласан ч "Хүлэгүүд" алсын зайн шидэлт болон оновчтой дамжуулалтаараа өрсөлдөгчөөсөө илүү гарчээ.

Сүүлийн үед "Хүлэгүүд" илүү байж чадсанаар 85-82-ийн хожил байгуулснаар, 2-р тойргоо өнгөлөг эхлүүллээ. Тус тоглолтонд өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч О.Сэргэлэн 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалтаар багаа манлайлж "СБЛ Хасын Хүлэгүүд" улирлын 4 дэх хожлоо авлаа. Түүнд "Хүлгүүдээс" Б.Дорждамба 19 оноо, З.Доржсүрэн 17 оноо, С.Өрнүүнбилэг 14 оноогоор тус хүргэжээ. Ийнхүү "Алдар Танан Гарьд" 5 хожил 1 хожигдолтой болсон бол Хүлэгүүд 4 хожил, 2 хожигдолтой боллоо.

Лхагва гарагийн эхний тоглолт "Хан-Уул Хангарьд", "Эрдэнэтийн Уурхайчид" багуудын хооронд болсон юм.

Тоглолтын өмнө "Уурхайчид" 3 хожил 2 хожигдолтой, "Хангарьд" 2 хожил, 3 хожигдолтой байлаа.  "Уурхайчид" тус тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бол "Хангарьд"-аас Л.Эрдэнэ, А.Од нар тоглолтыг өнжлөө. Эхний хагаст Хангарьдууд илүү байсан ч шийдвэрлэх үед Уурхайчдын довтолгоо байндаа онож байснаар тэд оноог нөхөж чадсан улмаар эгзэгтэй мөчид Б.Эрболд, Э.Дорж-Арилд нарын шидэлтүүд амжилттай болж, оноог тэнцүүлж чадсан. Улмаар цаг дуусахад 2 секунд дутаж оноо 96 99 байхад Хангарьдаас Б.Билгүүн алсын зайн шидэлтээ амжилттай болгосон бол "Уурхайчид" багийн тамирчин А.Бямбадоржийн талбайн голоос шидсэн шидэлт цагаригт орсноор 102:99-ын харьцаатайгаар "Уурхайчид" хожил байгууллаа.

Ийнхүү энэ үдшийн 2 тоглолтын хувь заяа хоёулаа эцсийн мөчүүдэд шийдэгдэж, үзэгчдийг суудлаас босгосон тоглолтууд боллоо.

Энэ тоглолтын шилдгээр 25 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт дунджилсан амжилтаар А.Бямбадорж тодорлоо. Түүнд Э.Дорж-Арилд 27 оноо, О.Очирбат 16 оноо, Б.Батжавхлан 14 оноогоор тус хүргэлээ. Уурхайчид энэ тоглолтод хожил байгуулснаар 4 хожил 2 хожигдолтой болж хүснэгтийн дээгүүр бичигдсэн хэвээр үлдлээ. Харин "Хан-Уул Хангарьд" улирлын 4 дэх хожигдлоо амссанаар, хүснэгтийн 4-р байранд эрэмбэлэгдэж байна. "Гоё" дээд лигийн дараагийн тоглолт нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт 18 цагаас "Алдар Танан Гарьд", "Хан-Уул Хангарьд", 20:00 цагаас "Багануур Тулнууд", "23 Стормс" багуудын хооронд тоглох хуваарьтай байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top