“Уянга, ухаарал”-ын торгон сэвшээтэй уянгат бүсгүй Р.БОЛОРТУЯА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Сургуулийнхаа амралтаар хөдөө өвөөгийндөө очих дуртай жаалхан охин өвөөгийнхөө бор авдар дээр байдаг кассетны хөгжмийг аккумляторт холбож байгаад зурагдтал нь сонсдог байжээ. Тийнхүү гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн дуунуудыг сонссоор байгаад дуучин болох мөрөөдлийн галаа асаажээ. Анхны дуу нь болох “Ханийн жаргал” дуугаараа олны талархлыг хүлээж байсан нь түүнд дуучин болох урам зоригийг өгчээ.

Дайчин, өөртөө итгэлтэй, олныг манлайлан дагуулах увидастай, гэрэл цацарсан дуучин бүсгүй Соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяа бол Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул. Нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанванданы нэрэмжит аймгийнхаа Хөгжимт драмын театрт гоцлол дуучнаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Аймаг, орон нутгийн театрын тайз гэдэг дуучин, жүжигчин, бүжигчин гээд олон талын авьяас чадвар шаарддаг. Баянхонгор аймаг бол уянга хөгжмийн цалгиа, халгиатай нутаг. С.Гончигсумлаа, Г.Бирваа, Ч.Сангидорж гээд Монголын хөгжмийн зохиолын тулгын гурван чулуу болсон эрхэмүүд энэ нутгийнх. Г.Бирваагийн хөгжим “Их хурим” хөгжимт драмын Галтай хэмээх гол дүрд дөнгөж сургуулиа төгсөж ирээд тоглосноор ажил амьдралын гараагаа эхэлжээ. Д.Төрбатын “Арван тавны сар” дуулалт жүжгийн Цэцэн Цэцэг хэмээх хараагүй бүсгүйн дүрд тоглож “Гэгээн муза” наадамд эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж байсан. Хамгийн сүүлд Д. Рэгсүрэнгийн цомнол, Г.Бирваагийн хөгжим “Эрдэнэ тээлийн уянга” хэмээх эмгэнэлт дуурийн Дантэ хэмээх гол дүрд тогложээ. Уран бүтээлч хүн гэдэг зогсолтгүй хөдөлмөрлөж, өөрийгөө өнгөлж зүлгэж байх учиртай гэж Р.Болортуяа бүсгүй хэлсэн юм.

Хөдөлмөрч, урлагт хайртай, нутаг амьтай дуучин бүсгүй яагаад орон нутгийн дуучин хүрээ хотод уран бүтээлээ хийж болохгүй гэж бодмогц тоглолтоо хийхээр сэтгэл шулууджээ.  2018 онд “Уянга, ухаарал” нэртэй дууны цомог гаргасан бөгөөд удахгүй болох тоглолтыг нь үзсэн хүн бүрд цомгоо бэлэг болгон өгнө гэлээ. Тэрбээр энэ сарын 24-нд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо UB palace-ийн концертын их танхимд “Уянга, ухаарал” нэртэйгээр толилуулах гэж байна. Соёл урлагийн их сургуулийг 2008 онд төгссөн түүний тоглолтод нэг нутгаас гаралтай уран бүтээлчид болох Д.Отгонжаргал, Э.Чулуунчимэг болон Увертюра хамтлаг ирж ая дуу өргөнө. Мөн түүнчлэн Дорноговь аймгаас “Симба” хамтлаг ирж орон нутгийн уран бүтээлчид бие биеэ дэмжиж тоглолтод нь оролцоно.

Р.Болортуяагийн унаган төрмөл, шижир алт мэт ховорхон цараатай хоолой нь мед сапарано бөгөөд түүний дууны донж маяг, эрхэмсэг төрх, уянга ухаарлын илэрхийлэл билээ. С.Даяндоржийн үг, Л.Чүлтэмсүрэнгийн аялгуу “Ухаарлын дуу”, “Сэтгэлийн нартай нутаг”, Г.Бирваагийн аялгуу “Тэмээчин болно би”, Б.Явуухулангийн үг, Ш.Батсайханы аялгуу “Үлэмжийн сайхан хорвоо”, Ц.Чинзоригийн аялгуу, Б. Лхагвасүрэн гуайн шүлэг  “Зүүдний говь, С. Оюуны шүлэг Ж. Батхүлэгийн аялгуу “Мөрөөдөл дүүрэн хүлээлт” зэрэг дуугаараа ард түмнийхээ хайр, талархлыг хүлээж, дууны яруу сайхан, дуулахын жаргалыг эдэлж явна. “Урлагийн хүн сайхан хувцас өмсөж ганган чамин явахаасаа илүүтэй хүн байх юм сан, хүнд туслах юм сан гэж боддог” гэсэн ухааралтай тэрбээр нутгийнхаа говь, хангай, тал хээр цогцолсон гурван бүсийн үзэсгэлэн бүрдсэн сайханд нь сэтгэлээ хөглөж дуулдаг ажээ. Түүний дуунуудад ингэн говийн аялгуу, элсний торгон өнгө, алтан нарны цацраг, монгол хүний мөн чанар, бүсгүй хүний зөөлөн дулаан ай бүгд шингэсэн.

Хаяа хярхаггүй уудам талд шуранхайлах мэт цангинаа дуурсуулж, дууг урлаж, шаглаж дуулдаг түүнийг Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Болортуяаг дуулахад С.Гончигсумлаа, Г.Бирваа, Ч.Сангидоржийн авьяас билэг, аялгуу дууны шүншиг шингэжээ гэж боддог” хэмээсэн нь юутай сайхан билээ. Үнэхээр л ээрэм шаргал говийн дулаан хэвлий, ингэ ботгоны гэгэлгэн буйлаан түүнд эгшиг хайрласан. Дуулим талын нуурын хаялга, голын харгиа, дуниартан дүнхийх уулсын зулай түүнд уянга хайрласан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgonzul Bor(66.181.176.22) 2020 оны 01 сарын 20

Ёстой л төрмөл хоолойтой сайхан дуучин шүү

1  |  0
Top