Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд “Токио-2020” олимпын эрх авсан орнуудын дунд Монгол Улс албан ёсоор багтаж, Монголын эмэгтэй сагсчид Токиогийн олимпын наадамд өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн аль аль нь чансаагаараа олимпын эрхийн болзол хангасан ч зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа олимпын наадамд оролцуулах шийдвэр гаргаж, давуу эрхээ ашигласан тул Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн багт “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөх эрхийг олгосон юм.
Гэхдээ Монголын эрэгтэй багийн боломж дуусаагүй. Манай тамирчдыг хоёр гол тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээний үр дүнгээс шалтгаалан "Токио-2020" олимпын наадмыг зорих боломжтой болно.
Олимпын эрхийн төлөө тууштай бэлтгэл сургуулилтаа базааж байгаа эрэгтэй багийнхан өнөөдөр /2020.01.21/ Серби улсыг зорьлоо.
Манай тамирчид хоёрдугаар сарын 1-нд болох дэлхийн шилдэг зургаан улсын тэмцээн, хоёрдугаар сарын 8-нд болох олимпод оролцох өндөр зэрэглэлийн найман улс оролцсон тэмцээнд хүч сорьж, Сербийн мэргэжлийн багуудтай хамтарсан бэлтгэл хийх аж. Баг тамирчдыг "UB MMC Energy" багийн захирал Г. Батцэнгэл ахалжээ.
Үүний дараа манай тамирчид 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөнө. Энэ чухал тэмцээнд 20 баг өрсөлдөх ба Монголын 3x3 төрлийн эрэгтэй шигшээ баг чансаагаар нэгээр эрэмбэлэгдэж "тулаан"-д орно.
Тус тэмцээнээс олимпын нэмэлт гурван эрх олгох ба алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багууд олимпод оролцох эрхтэй болох юм. Харин эндээс шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг ирэх дөрөвдүгээр сард Унгарын нийслэл Будапешт хотод болох олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөнө. Сүүлийн боломж олгох тус тэмцээн олимпын нэг эрх олгох ба энэ эрх зөвхөн аварга болсон багт очих билээ.
Сэтгэгдэл ( 1 )
идэх уух юмандаа хянамгай байгаарай даа хор допинг өгчих вий \n