"Хан-Уул хангарьд" баг "Алдар танан гарьд"-ыг хожлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Сагсан бөмбөгийн "Гоё дээд лиг"-ийн 2-р тойрог эхэлснээр өрсөлдөөн улам ширүүсч байна.

Даваа гарагт Спортын төв ордны зааланд хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга 1-р тойргийг нэг ч хожигдолгүй эхлүүлсэн Ч.Ижилболд ахлах дасгалжуулагчтай, ОУХМ О.Ууганбаяр ахлагчтай "Алдар Танан Гарьд" болон Ш.Сэдбазар дасгалжуулагчтай, Б.Билгүүн ахлагчтай "Хан-Уул Хангарьд" багуудын хооронд боллоо. Гарьдуудын хувьд 2-р тойргийн эхний тоглолтоо мөнхийн хүчтэй өрсөлдөгч болох "СБЛ Хасын Хүлэгүүд" багийн эсрэг хийж, хожигдол хүлээснээр, улирлын анхны хожигдолоо амсаад байсан билээ. Харин Хангарьд багийн хувьд сүүлийн тоглолтоо "Эрдэнэтийн Уурхайчид" багийн эсрэг хийж эцсийн мөчид өрсөлдөгч багаас баззер хийснээр харамсалтайгаар ялагдал хүлээсэн.

Энэ тоглолтонд Хангарьдаас гараанд Ц.Сэргэлэнбаатар, Бат-Отгоны Билгүүн, У.Төгсцогт, Т.Билгүүн, С.Золжаргал нар гарсан бол Гарьдуудаас Б.Болдбаатар, О.Ууганбаяр, Б.Мөнхболд, О.Нямбаяр, Дэйон Лавандер нар гараанд гарч тоглолоо. Тоглолтын эхнээс Гарьдуудын довтолгоо удаа дараа амжилтгүй болж Хангарьдын хамгаалалтандаа маш сайн ажиллаж байлаа. Улмаар Хангарьд баг эхний үеийг 27-15 харьцаатайгаар 12 оноогоор тэргүүлж эхэлсэн. Хангарьд давамгайллаа хадгалсаар эхний хагасыг 78-90 харьцаатайгаар мөн л 12 оноогоор тэргүүлж өндөрлүүлсэн байна. 3-р үед мөн л хоёр багийн онооны зөрүү 10 гарны зөрүүтэйгээр өндөрлөсөн бол шийдвэрлэх үед Гарьдуудын хамгаалалт, довтолгоо сайжирч эхэлсэн. Оноог тэд 4 болгож дөхүүлж, тоглолтын уур амьсгал ширүүсч эхэлсэн. Тоглолтын цаг дуусахад 2 хүрэхгүй минут дутуу байхад Д.Лавандер, Б.Болдбаатар нарын довтолгоо амжилттай болсноор тооны харьцаа 83-82 болж ойртсон. Улмаар шүгэл дуугархад 32 секунд дутуу байхад Төртогтохын Билгүүн довтолгоогоо амжилттай болгосноор оноо 3 болон холдсон.

Тэрбээр мөн чухал мөчид 2 чөлөөт шидэлтээ амжилттай болгосноор тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Ийнхүү 87-82-ийн харьцаатайгаар "Хан-Уул Хангарьд" баг хүчирхэг "Алдар Танан Гарьд" багийг буулган авснаар,  Гарьдууд хоёр дараалан хожигдол амссан байна. Хангарьдаас Г.Удаанжаргал 18 оноо, 5 самбар, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Бат-Отгоны Билгүү 17 оноо, Н.Эрдэмтөгс 14 оноо, Ц.Сэргэлэнбаатар 13 оноо, Төртогтохын Билгүүн 9 оноо тус тус авлаа. Харин улирлын хоёр дахь хожигдолоо амссан Гарьдуудаас легионер тоглогч Д.Лавандер 20 оноо, О.Ууганбаяр 15 оноо, Б.Мөнхболд 14 оноо, Б.Болдбаатар 12 оноо, О.Нямбаяр 10 оноог тус тус авсан байна. Ийнхүү Хангарьд 3 хожил 4 хожигдолтой болсо бол Гарьдууд 5 хожил 2 хожигдолтой болжээ.

23 СТОРМС ӨРСӨЛДӨГЧӨӨ 35 ОНООНЫ ИЛҮҮГЭЭР БУУЛГАН АВЛАА

Энэ үдшийн хоёр дахь тоглолт туршлагатай тоглогчдоор багаа бүрдүүлсэн О.Баярцогт дасгалжуулагчтай, Г.Баттөр ахлагчтай "23 Стормс" болон лигийн шинэхэн цэргүүд болох "Багануур тулнууд " багуудын хооронд боллоо. "23 Стормс" багийн хувьд БНСУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаад ирсэн. Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй тус багийн хувьд менежмент, багийн бэлтгэл тун онцгой явагдаж байгаа билээ. Ийнхүү тоглолтын эхнээс Шуурганууд давамгайлж эхэлсэн эхний хагас 23 онооны зөрүүтэй өндөрлөсөн. Ийнхүү тэд давамгайллаа хадгалж явсаар 61-96-ийн харьцаатайгаар 35 онооны зөрүүтэйгээр "23 Стормс" өрсөлдөгчөө буулган авлаа.  1-р тойрогт амжилт нь хараахан сайнгүй байсан Шуургануудын хилийн чанад дахь бэлтгэл, сургуулалт үр дүнгээ өгсний баталгаа нь энэхүү тоглолт болж өглөө.

Ийнхүү тэд шинэ оны эхний тоглолтондоо жигд сайн байж, итгэл төгс хожил байгууллаа. "23 Стормс" баг довтолгоо, алсын зайн шидэлт, чөлөөт шидэлт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, хаалт гээд бүхий л үзүүлэлтүүдээ сайн гүйцэтгэснээр улирлын 2 дахь хожлоо авлаа. Харин Багануур Тулнууд баг 5 хожигдолтой авч, 1 ч хожилгүй лигийн хүснэгтийн сүүл мушгисан хэвээр үлдлээ. Энэхүү тоглолтын шилдэгээр энэ жилээс "23 Стормс" багийн эгнээнд нэгдсэн лигийн туршлагатай тоглогч Ц.Азбаяр 23 оноо, 4 самбараас бөмбөг авалт, алсын зайн шидэлтээ 7 удаа амжилттай болгосон үзүүлэлтээрээ нэрлэгдлээ.

Түүнд Шуургануудаас залуу тоглогч Т.Их-Уул 17 оноо, Б.Мөнхнаран, Д.Мөнхтүвшин нар тус бүр 13 оноо, А.Энхбаясгалан 8 оноо, Г.Баттөр 7 оноогоор тус хүргэлээ. Гоё дээд лигийн дараагийн тоглолт маргааш буюу 1-р сарын 22-ны лхагва гарагт 18:00 цагаас "Багануур Тулнууд" болон "Эрдэнэтийн Уурхайчид", 20:00 цагаас "23 Стормс" болон "СБЛ Хасын Хүлэгүүд" багуудын хооронд явагдах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top