Дуучин Р.Болортуяагийн “Уянга, ухаарал” тоглолт болоход нэг хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяагийн “Уянга, ухаарал” нэртэй анхны бие даасан тоглолт маргааш “UB palace”-ын концертын их танхимд болох гэж байна.

Хонгор нутгийн дуучин бүсгүй “Ухаарлын дуу”, “Сэтгэлийн нартай нутаг”, “Тэмээчин болно би”, “Үлэмжийн сайхан хорвоо“, “Зүүдний говь, “Мөрөөдөл дүүрэн хүлээлт” “Ханийн жаргал” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаараа та бүхний сэтгэлийг мялаах болно.

“Уянга, ухаарал” тоглолтод Соёл урлагийн их сургуулийг 2008 онд төгссөн түүний тоглолтод нэг нутгаас гаралтай уран бүтээлчид болох Д.Отгонжаргал, Э.Чулуунчимэг болон "Увертюра" хамтлаг ирж ая дуу өргөнө. Мөн түүнчлэн Дорноговь аймгаас “Симба” хамтлаг ирж орон нутгийн уран бүтээлчид бие биеэ дэмжиж тоглолтод нь оролцоно. Хамгийн сүүлд Соёлын тэргүүний ажилтан Э.Чулуунчимэгтэй “Ухаарлын дуу"-гаа хамтран дуулж, дүрсжүүлж олны хүртээл болгосон нь үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн.

 

Р.Болортуяагийн унаган төрмөл, шижир алт мэт ховорхон цараатай хоолой, дууны донж маяг, эрхэмсэг төрх, цацаа цалгиатай авьяас хонгор нутгийн бахархал төдийгүй Монголын бахархал болж дэлхийд дуурьсах өдөр ойрхон байна. Хаяа хярхаггүй уудам талд шуранхайлах мэт цангинаа дуурьсуулж, дууг урлаж, шаглаж дуулдаг түүнийг Ардын уран зохиолч Т.Галсан гуай “Болортуяаг дуулахад хонгор нутгаас төрөн гарсан нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Г.Бирваа, Ч.Сангидорж нарын авьяас билэг, аялгуу дууны шүншиг шингэжээ гэж боддог” хэмээсэн нь юутай гайхалтай билээ. Үнэхээр л ээрэм шаргал говийн дулаан хэвлий, ингэ ботгоны гэгэлгэн буйлаан түүнд эгшиг хайрласан. Дуулим талын нуурын хаялга, голын харгиа, дуниартан дүнхийх уулсын зулай түүнд уянга хайрласан.

Тоглолт үзэхээр зорин ирсэн хүн бүрд "Уянга, ухаарал" дууны цомгоо бэлэглэнэ гэснийг дашрамд дуулгая.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top